ЗАВХАН: Олон төрлийн эмгэгт нэн сайн Зартын халуун рашаан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай,
2024 оны наймдугаар сарын 16
/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул сумын Зарт
багийн Халуун усны ам хэмээх газар байдаг Зартын рашаан эмчилгээний идэвх өндөр хэмээн
судалгаагаар тогтоожээ.
Завхан аймгийн халуун рашаануудын химийн найрлага,
геотермометрийн судалгаа нэртэй Ч.Болормаa, Д.Оюунцэцэг нарын эрдэм шинжилгээний бүтээлд “Завхан
аймгийн халуун рашаанууд нь бага эрдэсжилттэй, шүлтлэг орчинтой, найрлагын
хувьд HCO3-Na болон SO4-Na төрөлд багтаж байна. Их-Уул сумын Цэцүүхийн халуун рашааны исэлдэн ангижрах потенциал нь
-0.8 мВ, ууссан устөрөгчийн агуулга 0.22 мг/л илэрсэн нь судалгаанд хамрагдсан
бусад рашаануудтай харьцуулахад ангижрах төлөвт оршиж байгаа бөгөөд илүү
эмчилгээний идэвхтэй болохыг харуулж байна” хэмээн дурджээ.
Цэцүүх, Зартын рашаан нь Улаанбаатараас 773 км, аймгийн төвөөс 250 км, Их-Уул сумын төвөөс 55 км зайд оршдог. Рашаан сувилал нь аялал жуулчлал рашаан сувилал, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 24 булаг, рашаан ундардаг бөгөөд үүнээс 15 нь судлагдаж эмчилгээнд ашиглагддаг.
Ундарч байгаа рашаанууд нь өөр
өөр төрлийн анагаах шидтэй. Таван цул, хий шар, бөөр, зүрх, ходоод, элэг цөс,
мэдрэл, үе мөчинд +47 градусын рашаанд
орно. Ядаргаа, хоолой, нүд, тархи,
эмэгтэйчүүдийн өвчинд +25 градусын рашаанд орно. Харшил гоо сайханд хэрэглэдэг
халуун рашаан бий.
Зартын рашаан сувиллын газар нь 60 хүний хоолны газар, 50 хүнд үйлчлэх гэр байр, 100 хүн байрлуулах байртай. Нийт 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Эмчилгээ
сувилгааны чиглэлээр гүүний саам, ямааны сүү уулгах, байгальд түшиглэсэн спорт
аялал зохиодог. Караоке, теннис, биллярдын танхим задгай талбайд сагс, гар
бөмбөгийн талбайтай.
Амрагч, сувилуулагчдад анир чимээгүй орчин, онгон байгальд алжаалаа тайлах боломж олгож, хөнгөн шуурхай үйлчилж туршлагатай эмч, анхаарал халамж сайтай сувилгааны мэргэжилтнүүд үйлчилнэ. Манай рашаан амралтын газартай холбогдохыг хүсвэл 88114413, 94064466 утсаар холбогдож болно. Мөн рашаан сувиллыг зорьж ирэх жуулчид аялагчид Зартын рашааны орчимд үзэсгэлэнт байгальд аялах боломжтой.
Энд таван төрлийн дэгд, ажиг цэрэн, ямаахай, юмдүүжин, далий ягаан зэрэг эмийн ургамлууд, нэрс, үхрийн нүд, хад, тошлой, чонын элэг, бөөрөлзгөнө зэрэг жимс ургадаг.
Рашааны эхэнд ёлын цохио, таван модтой хад зэрэг үзэсгэлэнт газруудтай. Үүгээр, буга, согоо, гөрөөс, гахай, чоно, үнэг, нохой зээх, шилүүс зэрэг амьтад нутагладаг гэж Зартын рашаан сувиллын газраас мэдээлэв.
Сонирхуулахад Завхан
аймгийн халуун рашааны газрын гүний халуун усны гүний температур нь дунджаар
105-149оС буюу бага температуртай
халуун усны ангилалд хамаарагдаж байгааг тогтоолоо. Мөн судалгаанд хамрагдсан
халуун рашаануудын газрын гүний халуун усны усан сан газрын гадаргаас доош
1.3-3.7 км-ийн гүнд байрладаг болохыг тооцоолон тодорхойлжээ. Иймээс Завхан аймгийн халуун
рашаануудын гүний халуун усыг хүлэмж, бассейн, байр орон сууц халаах зэрэгт
шууд хэрэглэх бөгөөд бинары системийг ашиглан цахилгаан эрчим хүчний
зориулалтаар ашиглах боломжтой юм байна.
Завхан аймаг, Их уул сум, Зартын рашаан, Жаахан нуур
Завхан аймаг, Их уул сум, Зартын рашаан сувилал, амралтын газар