ЗАВХАН: Байгалийн цогцолборт газраас 25 тонн хог хаягдлыг ачиж цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-30 13:11:10

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын хогийг цэвэрлэж ачуулсан байна.


Баяр наадмын өдрүүдээр Улаагчны хар нуур орчмын отоглох цэг, постоос нийт 5 удаагийн явалтаар 25 тонн хог хаягдлыг цэвэрлэж ачуулсан байна.


Мөн энэ үеэр отоглох цэгт 2 ширхэг анхааруулах самбарыг байршууллаа.

Баяр наадмын өдрүүдэд тусгай хамгаалалттай газар нутагт 6 мэргэжилтэн, байгаль хамгаалагч, жолооч, жижүүр бэлэн байдалд ажилласан. Өнөөдрийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутагт хог хаягдал түр хаях цэгт хамгаалалтын захиргааны автомашин байнгын ажиллаж байна. Тиймээс аялагчдыг байгальд ил задгай хог хаяхгүй, зөвшөөрөгдсөн газарт хоноглож, хаалт хориглосон газарт нэвтрэхгүй аялахыг уриалав.


Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газарт аялах аялагчдын тоо их байна. Зөвхөн улсын баяр наадмын өдрүүдээр гэхэд 1952 автомашинтай 9760 аялагч иржээ. Эдгээр аялагчдад тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх нэг удаагийн тасалбар олгож, аялагчдыг бүртгэн, холбогдох мэдээллээр хангаж ажилласан. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт аялж амрах журам, зөвлөмж, санамж бүхий хуудсыг аялагчдад өгсөн гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас мэдээлэв.


Улаагчны хар нуурын аялагчдад зориулсан санамж бүхий самбар шинээр байршуулжээ


Улаагчны Хар нуурын орох пост 



Аялагчдад зөвлөмж өгч байна



Аялагч бүрийг бүртгэж байна



Байгалийн цогцолборт газрын хогийн цэгийн хогийг ачуулж зайлуулах ажлыг хийж байна



Энэ сард Отгонтэнгэр хайрхны өвөр хэсгийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлах хэсэгт байгаль хамгаалагчийн пост, амрагчдад зориулсан ширээ сандал хийж тохижуулжээ. 



Энэ сард Улаагчны хар нуурын цогцолборт газрын байгаль хамгаалагчийн постыг засварлаж шинэчилжээ

相关新闻