ДОРНОГОВЬ: Иххэт сумын түүхт 100 жилийн ой тохиолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын 100 жилийн ойн баяр наадам энэ оны долоодугаар сарын 7 - 8-нд тохиолоо.
Тус сум Олноо өргөгдсөн Монгол Улсын үед Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуунд хамаарч байсан бол 1924 оноос Хан Хэнтий уулын аймгийн Оцол сансар уулын хошуунд харьяалагдаж, гал голомтоо бадрааж байжээ. Тус сумаас 1945 онд Өвөр монголыг чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдаж гавьяа байгуулсан Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг, улс төрийн зүтгэлтэн А.Баяр, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, хөгжмийн зохиолч Б.Пунцагбал зэрэг алдартан төржээ.
Иххэт сумын ЗДТГ-аас түүхт 100 жилийнхээ ойг
тохиолдуулан нийтийн эзэмшлийн зам талбайг засварлах, тохижилт үйлчилгээг
сайжруулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил гүйцэтгэжээ.
Ойн баяр наадмаар зургаан насны морьд уралдаж, хүчит бөхчүүд уран мэхийг
уралдуулан барилдаж, харваачид цэц мэргэнээ сорьсон байна.
Түүх сөхөхөд, энэ суманд Чингис хааны үе залгамжилсан 37 хааны сүүлчийн хаан болох Тогоон төмөр хааны эртний хотын
балгас олон байшинтын туурь, Даяанчийн хад, Хүн чулуун хөшөө, Бурхантын гэрэлт
хөшөө, бүсийн чулууны мэлхий сэнжит хад гээд эртний хаадын хот суурингийн
үлдэгдэл, байгалийн өөрөө бүтээсэн гайхамшигт сонин тогтоц байдаг.