Ираны ерөнхийлөгчийн сонгуульд шинэчлэгч Пезешкиан ялав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-07-06 11:52:45

ТЕХРАН, 2024 оны долоодугаар сарын 6 /RT/. Шинэчлэлийн жигүүрээс нэр дэвшигч Масуд Пезешкиан Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялж, тус улсын ес дэх Ерөнхийлөгч боллоо гэж Ираны сонгуулийн хорооны дарга Мохсен Эслами мэдэгджээ. 


Тэрбээр мэдэгдэхдээ, Масуд Пезешкиан 16 сая 384 мянга 403 санал, Саид Жалили 13 сая 538 мянга 179 санал авлаа. Эл дүнд үндэслэн Масуд Пезешкианыг Исламын Бүгд Найрамдах Иран улсын 14 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдсоныг зарлаж байна гэжээ. 


Түүний хэлснээр, нийт 30 сая 573 мянга 931 санал тоологдож, сонгогчдын ирц 49.8 хувьтай байсан байна. 


Өдгөө 69 настай М.Пезешкиан бол шинэчлэгч үзэлтэй улстөрч бөгөөд Ираны парламентын сүүлийн таван чуулганы гишүүн юм. Эмч мэргэжилтэй тэрбээр Ираны Ерөнхийлөгч Мохаммад Хатамигийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд (2001-2005) Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байжээ. Өмнө нь хоёр удаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан хэдий ч энэ удаагийн сонгуульд анх удаагаа хоёр дахь шатанд шалгарсан байна. 12 жилийн өмнө тэрбээр сонгуулийн өрсөлдөөнөөс өөрөө гарч байсан бол 2021 онд түүнийг Ираны ажиглагчийн зөвлөлөөс (сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг парламентын дээд танхим) сонгуульд оролцохыг зөвшөөрөөгүй байна.


Ираны Ерөнхийлөгч бол дээд удирдагч аятолла Али Хаменеигийн дараа орох тус улсын хоёр дахь том албан тушаал юм. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглалыг удирдах үүрэгтэй. Тус улсын гадаад бодлогын ерөнхий чиглэл шинэ Ерөнхийлөгч хэн болохоос шалтгаалдаг.


相关新闻