БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын түүхэн дэх гайхамшигт үйл явдал
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБНАСАУ-д Солонгосын Хөдөлмөрийн Намын 70 жилийн ойг өргөн тэмдэглэж байна. СХН нь 1945 оны 10 дугаар сарын 10-нд байгуулагдсан. Тус үйл явдалтай холбогдуулан тараасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.
СХН-ын мөнхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен Ир
СХН-ын IV бага хурлаас намын бүх гишүүд, Ардын армийн нийт цэргийн албан хаагч болон бүх ард түмний нэгдмэл санаа бодлыг тусган нөхөр Ким Чен Ирийг СХН-ын мөнхийн Ерөнхий нарийн бичгийн даргын өндөр тушаалд нэр дэвшүүлэх, түүний хувьсгалын амьдрал, намын байгуулалт дахь үхэшгүй мөнхийн үйлсийг үүрд алдаршуулах тухай тогтоол гаргасан билээ.
Нөхөр Ким Чен Ир нь намын байгуулалтад гандан бууршгүй гавьяа байгуулж, СХН-ыг олон арван жилийн манлайлан удирдаж ирсэн юм.
Бүр 1960-аад оны үед тэрбээр намын Төв Хорооны аппаратад ажиллаж эхлэх үеэсээ л намын эв нэгдэл, нягтралыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байсан билээ. 1970-аад онд намыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений хувьсгалт үзэл санаа, “Жүчэ” үзэл санааны үндсэн дээр намыг бүхэлд нь шинэчлэх хөтөлбөрийг дэвшүүлж, энэ үйл хэргийг эрч хүчтэйгээр удирдаж байлаа. Үүний дүнд, СХН үзэл суртлын хувьд хамгийн цэвэр ариун талст болон хувирснаар намын бүх гишүүд нэгдмэл үзэл санааны үндсэн дээр цорын ганц төвийг тойрон нягтарч, удирдлагын нэгдсэн тогтолцоонд зангидагдсан, нягт уялдаа холбоотой үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.
Нөхөр Ким Чен Ир-ийн удирдлага дор СХН өөрийн хувьсгалт үзэл зарчмыг хэлбэрэлтгүй тууштайгаар хамгаалсаар ирлээ.
Өнгөрснийг эргэн санаваас, 1990-ээд он бол Солонгосын хувьд асар хүнд бэрх сорилт, бэрхшээл дагуулсан жилүүд байлаа. Ерөнхийлөгч Ким Ир Сен цаг бусаар нас нөгчиж, хэд хэдэн улс оронд социализм нуран унах тэр үед империалист хүчнүүд социализмын эсрэг дайралтынхаа хурц үзүүрийг Солонгос руу чиглүүллээ. Ийм нөхцөлд нөхөр Ким Чен Ир огт гуйвж дайвалгүйгээр СХН-ыг социализмын замаар хэлбэртгүйгээр араасаа дагуулж чадсан юм. Нөхөр Ким Ир Сений үндэслэн бий болгосон Сонгуны үзэл санааг Жүчэгийн үзэл санаатай хослуулснаар нөхөр Ким Чен Ир социализмын үед улстөрийн бодлогыг явуулах үндсэн арга хэлбэр болсон сонгуны өвөрмөц улстөрийн бодлогыг томьёолжээ. Тэрбээр түүнийгээ амьдралд тууштай нэвтрүүлснээр улс орныхоо бүрэн эрхт байдал, нэр төр хийгээд социализмыг хамгаалах цаашилбал даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад асар их хувь нэмэр оруулсан юм. Ким Чен Ирийн Сонгуны бодлогын ачаар БНАСАУ нь цэрэг-улстөрийн гүрэн гэсэн статустай болсноор түүн рүү хэн ч халдаж зүрхлэхгүй болжээ. Тэр тусмаа, хүчирхэг, цэцэглэн хөгжиж буй социалист улсыг байгуулах үйл хэрэгт эргэлтийн шинжтэй нөхцөл байдал үүслээ.
Ким Чен Ирийн хувьд, СХН-ыг ард олны дунд гүн гүнзгий салаа мөчрөөр нэвтрэн орсон, ард түмэнтэйгээ нэгдмэл цул болсон тийм эх болсон намыг, тийм ялагдашгүй намыг тасралтгүй хөгжүүлэн бэхжүүлэхийг хичээн чармайсаар ирсэн.
Хөдөлмөрийн Нам өөрийн бодлого, чиг шугамыг боловсруулахдаа ард олны хүсэл эрмэлзлэлийг аль болохоор бүрэн тусгаж, тэдний ашиг сонирхлыг тууштай хамгаалж байдаг. Үүний дүнд тус нам ард олныхоо бүрэн дэмжлэг, итгэлийг хүлээж, бодлого боловсруулахдаа аливаа алдаа дутагдал, хэлбийлт гажуудал гаргахгүйгээр социализмын үйл хэргийг итгэлтэйгээр хэрэгжүүлэн, туршлагатай, хал үзсэн, ялагдашгүй нам болон хөгжин бэхжиж байна.
СХН-ыг бэхжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт нөхөр Ким Чен Ирийн байгуулсан гавьяа бол түүний Эх орон, ард түмэндээ үлдээсэн хамгийн үнэт өвүүдийн нэг яах аргагүй мөн бөгөөд намын мөнхийн хөгжилт цэцэглэлт, түүний үйл хэрэг ялахын баттай үндэс суурь мөн.
СХН-ын IV бага хурлаас нөхөр Ким Чен Ирийг намын мөнхийн Ерөнхий нарийн бичгийн даргын өндөр дээд тушаалд дэвшүүлсэн нь Ким Чен Ирийн үхэшгүй мөнхийн үзэл санаа, үйл хэргийг ялалтад хүртэл нь үргэлжлүүлэхэд чиглэсэн намын хатуу тууштай чиг шугамыг дэлхий дахинд нотлон харууллаа.
СХН-ын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Жөн Ун
СХН-ын IV бага хурлаас БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жөн Ун тус намын Нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсон юм.
Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бүхий эрхэм сайн чанаруудыг өвлөн авсан Ким Жөн Ун өмнөх үеийн удирдагчдын үзэл санаа хийгээд улстөрийн чиг шугамыг өчүүхэн ч хэлбэрэлтгүй амьдралд хэрэгжүүлж байна. Тэднийг нам, улсын мөнхийн удирдагчид хэмээн гүнээ хүндэтгэн, тэдний үзэл санаа, үйл хэргийг өчүүхэн ч буулт, хэлбэрэлтгүй тууштай амьдралд хэрэгжүүлэх, хүчирхэг бөгөөд цэцэглэн хөгжиж буй социалист улсыг байгуулах нь Ким Жөн Уны хөдөлбөргүй бат итгэл үнэмшил болно. Түүнд үнэнч байх, ёс суртахуунаар хүлээсэн үүргээ биелүүлэх ариун зан чанар бий. Үүнийг нотлох жишээ гэвэл, Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бунханг залсан Кымсусаны дурсгалын ордныг улам сайжруулан тохижуулж, Кымсусаны Нарны ордон хэмээн нэрийдэх болсон явдал. Ким Жөн Уны үлгэр жишээг даган намын бүх гишүүд, бүх арми, ард түмэн өмнөх үеийн удирдагчдын гэрээслэлийг биелүүлэхээр нэгэн зэрэг эрслэн бослоо.
Хүнийг хайрлах, ард түмнээ хайрлах ариун үзэл бодолтой Ким Жөн Ун өндөр ёс суртахуун, өргөн цараатай бодлогоороо ард түмнийхээ гуниг, баярыг хуваалцаж байна. Жинхэнэ ард түмний удирдагчийн хувийн зан чанар нь бүх хүмүүсийн зүрх сэтгэлийн утсыг хөнддөг. Ким Жөн Ун бол манай гараг дээрх төрийн хамгийн залуу удирдагч бөгөөд орчин цагийн улстөрийн зүтгэлтний бүхий л шинж, давуу талыг төгс эзэмшсэн хүн юм. Тэрбээр ер бусын саруул ухаан, өргөн хүрээтэй мэдлэгээ ашиглан Солонгосын газар нутагт хүчирхэг, цэцэглэн хөгжиж буй улсышг байгуулахын төлөөх ерөнхий давшилтын манлайд явж байна. Тэрбээр Сонгуны тугийг өндөрт мандуулан, империалистуудын түрэмгий өдөөн хатгалгийг эрс шийдвэртэй няцаан, Зүүн Хойд Ази болон даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалахад хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулж байна.
Ким Жөн Уны удирдсан СХН болон Солонгосын ард түмэн бие даасан хөгжлийн зам, Сонгуны зам, социализмын замаар итгэлтэйгээр замнах болно.
Ким Жөн Уны удирдлага дор СХН үргэлж ялан мандсаар байх болно.