Ховдоос 1000 орчим алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/ Жил бүрийн тавдугаар сарын 29-нийг олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг.
Өдгөө 22 жилийн ойгоо угтаж буй
цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан өнөөдөр Ховд аймгийн
Төв талбайд цэргийн ёслол хийлээ.
Энэ үеэр Зэвсэгт хүчний болон
Төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн жагсаж, алба хаагчид гардан
тулааны болон жагсаалын үзүүлэх тоглолт сонирхууллаа.
Мөн даян дэлхийн энх тайван,
аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа
офицер, ахлагч, түрүүч, байлдагч, энхийг сахиулагч нарт Ховд аймгийн
удирдлагууд мэндчилгээ дэвшүүлж, нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Монгол Улс 2002 оноос эхлэн
энхийг дэмжих ажиллагаанд оролцсон.
Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 22 мянга гаруй алба хаагч
энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай
гүйцэтгэжээ.
Харин Ховд аймгаас давхардсан
тоогоор 1000 орчим алба хаагч энхийг дэмжих үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.
Түүнчлэн энхийг дэмжих ажиллагаанд Ховд аймгийн 28 алба хаагч одоо үүрэг гүйцэтгэж
байна.