Украин, Португал улсууд аюулгүй байдлын хэлэлцээр байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-29 11:07:22

ЛИССАБОН, 2024 оны тавдугаар сарын 29 /unian/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Португалын Ерөнхий сайд Луиш Монтенегру нар Лиссабон хотноо хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 


Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр, уг баримт бичиг 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. Хэлэлцээрт заасны дагуу энэ онд Португалаас Киевт хамгийн багадаа 126 сая еврогийн дэмжлэг үзүүлэх аж. 


Португал улс түүнчлэн Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх олон улсын эвсэлд нэгдэж, том калибрын сум худалдан авах хөтөлбөрт оролцоно гэдгийг Луиш Монтенегру уулзалтын төгсгөлд дахин нотолжээ. 


В.Зеленский мөн Бельги, Испанид айлчилж, эдгээр улсын удирдагчидтай аюулгүй байдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Украин улс ийм гэрээг Герман, Дани, Франц, Итали, Финланд, Нидерланд, Латви зэрэг улсуудтай байгуулаад байгаа юм. 


相关新闻