Далайд гарцгүй орнуудын судалгааны төв сэргээгдэх эрчим хүчий салбарыг дэмжин ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-16 12:00:22

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн газар болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ОУСТ) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол өчигдөр НҮБ-ын байранд боллоо.


Санамж бичгийн хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад тулгарч буй худалдаа, эрчим хүч, тээвэр-ложистикийн талаар хамтран ажиллах юм. Ялангуяа энд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчий салбарыг дэмжин ажиллана хэмээн тусгаад байна. Энэ талаар бид Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөнөөс тодруулав.



Тэрбээр хэлэхдээ, НҮБ-ын дэргэд Далайц гарцгүй 32 орны бүлэг байдаг. 10 жил тутамд хуралдаж, зам, тээвэр, эрчим хүч, тээвэр ложистик, дэд бүтэц, худалдаа, худалдаанд учирч буй саад тотгор, бэрхшээл, бүс нутгийн интеграц зэрэг тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон хөтөлбөрөө баталдаг.

Хамгийн сүүлд 2014 онд далайц гарцгүй бүх орны асуудлаарх II бага хурлаа хийж, 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан. Одоо III бага хурлаар дараагийн 10 жилийн хөтөлбөрийг батална. Сэргээгдэх эрчим хүчний хувьд Монгол Улсад эрчим хүчний тогтвортой, бие даасан байдлыг хангах зорилгоор сэргээгдэх эрчим хүч ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгээр дэмжиж ажиллах юм гэв.


НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, бид Тогтвортой хөгжлийг хангах хамтын ажиллагааны хүрээнд 2023-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны баримт бичигт эдийн засгийн ногоон хөгжлийг дэмжих зэргээр тэргүүлэх 3 үндсэн чиглэлийг тодорхойлж тусгасан. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ОУСТ) хамтран ажиллах гэрээ байгуулснаар Тогтвортой хөгжлийг илүү хүртээмжтэй хүргэж, урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” зорилтыг биелүүлэх боломжийг бүрдүүлэх юм гэв.


Тэрбээр, хамтын ажиллагааны хүрээнд Далайд гарцгүй орнуудын Олон улсын судалгааны төв Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон Монгол Улсын хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг үнэлэхэд судалгааны арга зүй, дүн шинжилгээ хийх зэрэг дэмжлэгээр хангана. Энэ үйл ажиллагаанд НҮБ-ын суурин зохицуулагчийн газар олон улсын хөгжлийн түншүүдийн оролцоог ханган ажиллана гэв. 

相关新闻