Нэг литр АИ-92 бензин 2590 төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-11-11 10:28:46

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 2.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.4 нэгж хувиар нөлөөлсөн байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Эдгээр нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа юм. Энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлжээ.


Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 16.7 хувиар нэмэгджээ. Тухайлбал, үхрийн махны үнэ 18.1 хувиар, хонь, ямааны махны үнэ 18.2 хувиар өссөн аж.  Талх, гурил, будааны бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 6.9 хувиар   өсжээ.


Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2025 оны 10 дугаар сард 9.9 хувь болжээ. Энэ нь өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 3.5 нэгж хувиар нэмэгдсэн дүн юм.


Хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.8 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.5 нэгж хувиар өссөн байна. Улаанбаатарын хэрэглээний сагсны 418 нэрийн бараа, үйлчилгээнээс 144 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсжээ. Харин 61 бараа, үйлчилгээний үнэ буурч, 213 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.


Нийслэлд худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 10 дугаар сард 24258 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 10 дугаар сараас 32.8 хувиар, 2024 оны 10 дугаар сараас 19.0 хувиар өсжээ Харин энэ оны 9 дүгээр сараас 107 төгрөг буурчээ.


1-р зэргийн гурилын дундаж үнэ 10 дугаар сард 2459 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 10 дугаар сараас 2.2 хувиар, 2024 оны 10 дугаар сараас 4.6 хувиар, энэ оны 9 дүгээр сараас 0.4 хувиар өссөн аж.


Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 10 дугаар сард 2590 төгрөг байна. Энэ нь 2024 оны 10 дугаар сараас 8.4 хувиар өсөж, харин энэ оны 9 дүгээр сараас өөрчлөлтгүй байна. Орон нутагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сард 2024 оны мөн үеийнхээс 6.4-10.5 хувиар өссөн. Хэрэглээний бараа, үйлчилгээний 10 дугаар сард Булган аймагт 6.4 хувиар өссөн нь хамгийн бага, Дархан-Уул аймагт 10.5 хувиар өссөн нь хамгийн их байна.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сард 2024 оны мөн үеийнхээс 9.2 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.9 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 9.8 хувь),
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.7 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 19.3 хувь,
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.0 хувь,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувиар нөлөөлсөн байна.
相关新闻