Гадаадын 160 улстай худалдаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-10 12:41:20

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар боллоо.


Үүнээс экспорт 10.7 тэрбум, импорт 8.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5.7 хувь буюу 1.2 тэрбум, экспорт 9.1 хувь буюу 1.1 тэрбум, импорт 0.9 хувь буюу 77.1 сая, тэнцэл 31.5 хувь буюу 1 тэрбум ам.доллароор багассан байна.


Экспорт энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллароор багасахад нүүрс 2.7 тэрбум, угаасан ноолуур 252 сая, боловсруулаагүй газрын тос 48.9 сая, хонь, ямааны мах 14.1 сая ам.доллароор тус тус буурсан нь нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр, баяжмал 1.7 тэрбум, мал амьтны самнасан үс, хялгас 141.9 сая, цайрын хүдэр, баяжмал 45.5 сая ам.доллароор нэмэгдлээ.


Түүнчлэн, импорт өмнөх оны мөн үеийнхээс 77.1 сая ам.доллароор багасахад ачааны автомашин 152.1 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 48.7 сая, бульдозер, экскаватор 32.3 сая, улаан буудай 21 сая, дизелийн түлш 20.8 сая ам.доллароор буурсан нь нөлөөллөө. Харин суудлын автомашин 66.2 сая, азотын бордоо 19.9 сая ам.доллароор нэмэгдсэн ажээ. 

相关新闻