БАЯНХОНГОР: Салхи 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-23 10:57:09

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Алтайн салбар уулс, хээр тал, говийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 23-27-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх хугацаанд салхи шуургатай байна. Салхи нийт нутгаар 8-13м/с, зарим үед 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Мөн 24, 26-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө +1 градус дулаанаас -4 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

Шуургатай өдрүүдэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг иргэдэд зөвлөлөө. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар онц шаардлагагүй бол хол замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй дулаан хувцастай зорчихыг сануулав.


Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.

相关新闻