БАЯНХОНГОР: Шингэн бордооны туршилт, судалгааны ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-22 10:58:20
Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол орны хөрс, цаг уурт тохирсон шингэн бордоог үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг эхлүүллээ.

Япон Улсын эрдэмтэн Ютака Хасегава, Өлзийт-Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн захирал Б.Лхагвадорж болон бусад төлөөлөл шингэн бордооны туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн талаар аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцов.

Ютака Хасегава нь шингэн бордооны судалгаа шинжилгээний ажлыг хийдэг бөгөөд Японд хүлээн зөвшөөрөгдсөн шингэн бордоог үйлдвэрлэж зах зээлд гаргасан эрдэмтэн юм. Хоёр орны хөрс, цаг уурын зөрүүтэй байдлаас шалтгаалан тус шингэн бордоог манайд шууд ашиглах боломжгүй тул Баянхонгор аймгийн Өлзийт-ХАА МСҮТ-тэй хамтран Монгол орны хөрс, цаг уурт тохирсон шингэн бордоог үйлдвэрлэхээр туршилт судалгааны ажлыг ийнхүү эхлүүллээ.

Өнөөдрийн байдлаар Өлзийт-ХАА МСҮТ нь Өлзийт сумын Бумбатад байх өөрийн талбайд туршилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа бол цаашид хангайн бүсээс Жаргалант сум, говийн бүсээс Шинэжинст сумын Эхийн голыг түшиглэн туршилт судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Шингэн бордоо нь ойн аж ахуй, хүнсний ногоо, мал аж ахуйд хэрэглэх гэсэн гурван төрөл байдаг бөгөөд ойн аж ахуйн бордоо нь ургамлын өнгө үзэмжийг сайжруулах, хүнсний ногооны бордоо нь газар тариалангийн хувьд хөрсийг тэтгэх, мал аж ахуйн бордоо нь малын бодисын солилцоог эрчимжүүлэх ач холбогдолтой байдаг аж.


相关新闻