Улаанбаатарт маргааш бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газараас цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвийн талаар мэдээлэл өгөв.
Дөрөвдүгээр сарын 12-ноос баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр болон зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч агаарын температур өмнөх өдрүүдээсээ хүйтрэхийг малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн баруун болон хойд хэсгээр, маргааш төвийн нутгийн өмнөд хэсэг болон говийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 10, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, цас орно. Тэгвэл дөрөвдүгээр сарын 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.
Салхи 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, шороон шуурга шуурна.
Харин агаарын температурын хувьд ихэнх нутгаар дулаан байх нь. Тухайлбал, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн бол өдөртөө 4 хэм дулаан байна. Харин Орхон, Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх бол бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй байгаа аж.
Улаанбаатар хотод
маргааш бороо орно. Харин 13-14-нд шилжих шөнө нойтон цас орж, зөөлөн
цасан шуурга шуурна. Салхины
хурд ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бол 13-нд бага зэрэг ширүүсч 12-14
метр хүрч шороогоор шуурна.
Ихэнх хугацаанд дулаан буюу шөнөдөө 0-5 градус, өдөртөө
11-16 градус дулаан байна.