Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт гарсан ойн найман гал түймрийг цурамд оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-29 16:57:51

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 ойн түймэртэй байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.


Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Хүдэр суманд дөрөв, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд нэг буюу ойн найман гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд дөрөв, Ерөө суманд хоёр, Мандал суманд нэг, буюу долоон ойн түймрийг хяналтад авч, бүрэн унтраахаар ажиллаж байна. 


Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагын 340 алба хаагч, 11 авто машин, мэргэжлийн ангийн 190 хүн, 20 авто машин нийт 530 хүн, 31 автомашин, 18 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Мандал, Хүдэр суманд ажиллаж, түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж.


Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв 113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.


Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байгаа юм. 

Энэ онд бүртгэгдсэн  ой, хээрийн гал түймрийн 39.7 хувийг түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна. 


Он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 208 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс Сэлэнгэ аймгийн Түшиг сумын "Ар нуга" гэдэг газар тавдугаар сарын 1-нд гарсан ойн түймрийг унтраах ажиллагаа хамгийн олон хоног буюу 12 хоног үргэлжилсэн аж. 

 

 

相关新闻