ЗАВХАН: Гэр бүлээ бүтэн байлгахад аав нар илүү анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймагт сүүлийн таван жилийн байдлаар, гэр бүлээ цуцлуулсан 134 тохиолдол бүртгэгджээ.
Нэг өрхийг дунджаар 1-3 хүүхэдтэй гэж үзвэл гэр бүл цуцлуулснаар 400 гаруй хүүхдийн асуудал анхаарал татахуйц хэмжээнд хүрнэ гэсэн үг юм. Түүнчлэн өрх толгойлсон 4274 эцэг, эх байдгаас 988 нь аймгийн төвд, 918 нь сумын төвд, 2368 хөдөөд аж төрж байна. Харин өрх толгойлсон 1067 аав байна.
Тиймээс эрэгтэйчүүд өрх гэрээ бүрэн бүтэн авч явах, хүүхдээ өнчрүүлэхгүй байхад манлайлал, үлгэр үзүүлэх.
“Аав байхад гэр дүүрэн байдаг” хэмээх хэлц үгийг ажил хэрэг болгож, гэр бүлдээ, хамт олондоо, сумандаа, аймагтаа, улсдаа харилцаа хандлага, дадал зуршлаараа зөв үлгэрлэл үзүүлж манлайлахыг аймгийн Эрэгтэйчүүдийн зөвлөлөөс уриалжээ.
Өнгөрсөн жилийн
зөвлөгөөний үеэр хэлэлцсэн олон асуудлыг шат дараалалтайгаар ажил хэрэг болгох,
асуудал бүрийг шийдэлд хүргэхийн төлөө Завхан аймгийн эрэгтэйчүүд хамтран ажиллаж байна.
Мөн аймгийн хэмжээнд бүртгэлтэй байгаа 3200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний 48.9 хувь нь эрэгтэйчүүд. Тэдний 40 орчим хувь нь тогтсон ажилгүй, орлогогүй байна. Харин 60 орчим хувь нь тодорхой хэмжээгээр хувиараа бизнес эрхэлдэг ч, тогтмол цалинтай, ажилтай эрэгтэйчүүд цөөн байгаа юм.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй
эрэгтэйчүүдийн ажил эрхлэх, орлого олох боломжийг салбар дундын хамтын
оролцоотойгоор энэ жил тодорхой хэмжээнд ажил хэрэг болгохоор болсон тухай
Завхан аймгийн Эрэгтэйчүүдийн зөвлөлөөс мэдээлэв.