20 жилийн түүхтэй “Хасын Хүлгүүд” дээд лигт найм дахиа түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг албан ёсоор өндөрлөлөө.
Финалын цувралд “Хасын Хүлгүүд” өнгөрсөн жилийн дэд аварга “Бишрэлт металл”-ыг 4:1-ээр илүүрхэв. Тэд цувралын тав дахь тоглолтод 81:67-гоор өрсөлдөгчөө буулган авснаар лигт найм дахь удаагаа түрүүллээ. Харин “Металл”-ууд хоёр жил дараалан мөнгөн медалиар энгэрээ мялааж байна. Улирлыг тааруу эхлүүлсэн “Хүлгүүд” плей-оффт онцгой байж эхний өрсөлдөгч болох “Гарьдууд”-ыг 4:3, дараа нь “Уурхайчид”-ыг 4:1, финалд “Металл”-ыг 4:1-ээр буулган авлаа.
Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэж буй багийнхан гурван давхар амжилт үзүүлснийг онцлох нь зүйн хэрэг. Тодруулбал, Хөгжлийн лиг, эмэгтэйчүүдийн лиг, Үндэсний дээд лигт “Хасын Хүлгүүд” түрүүлж багийнхаа ойд томоохон бэлэг барив. Тоглолтын дараа багийн тоглогч Д.Мөнхтүвшин “Өнөөдрийг хүртэл маш их хичээсэн. "Хүлгүүд" багийнхан намайг урьж авчраад багтаа тоглуулсанд баярлалаа. Мэдэхгүй ээ, би үгээр хэлж чадахгүй их баяртай байна” гэлээ.
Харин Б.Билгүүн “Аварга болсондоо баяртай байна. Аварга авахын тулд маш олон зүйлийг золиослосон. Маш олон хүний хүч хөдөлмөр энд байсан. Энд хуран цугларсан бүх сагсан бөмбөг сонирхогч, үнэнч фанатууддаа баярлалаа. Гэр бүл, “Хүлгүүд” багийн ард байдаг бүх хүнд баярлалаа” гэв.
Лигийн аварга баг хагас тэрбум төгрөгийн шагнал хүртсэн бол мөнгөн медалийн эзэд 250 сая төгрөг гардлаа.