Дифлимпын наадамд оролцох тамирчид тугаа гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-14 15:14:37

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Японы нийслэл Токио хотод дифлимпын зуны спортын XXV наадам маргааш хөшгөө нээх гэж байна.


Тус наадамд оролцох баг тамирчдыг Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ч.Ундрам тэргүүтэй албаныхан хүлээн авч, Токиод мандуулах төрийн далбааг гардуулан өглөө. 81 орчим орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөх уг наадамд манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлагаар 14 тамирчин оролцоход бэлэн болжээ.


Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Францын нийслэл Парис хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээнийг “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулсан түүхтэй.


Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв. 






相关新闻