Спортын гимнастикийн 62 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр 13 /МОНЦАМЭ/. Спортын гимнастикийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 3-нд эхэлнэ.
62 дахь удаагийн энэхүү тэмцээн Монголын гимнастикийн холбооны спорт цогцолборт гурван өдөр үргэлжлэх бөгөөд техникийн зөвлөгөөнийг энэ сарын 25-нд зохион байгуулах ажээ. Энэхүү тэмцээнийг “Биеийн тамир спортын тухай” хууль, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монголын гимнастикийн холбооны шинэ хөгжлийн стратеги төлөвлөгөө “Гимнастик-2042” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Тус тэмцээн сургуулийн өмнөх нас, ерөнхий боловсрол, мэргэжил сургалт, их, дээд сургуулийн оюутан, суралцагсдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, гимнастикийн орчин, нөлөөллөөр дамжуулан соёл, хүмүүжлийн боловсрол олгох, боловсролын байгууллага ба бусад хувийн клубүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж спортын цол зэргийг ахиулах зорилготой ажээ. Мөн олон улсын тэмцээнд оролцох шилдэг баг тамирчдыг сонгон шалгаруулах юм.
Тэмцээнийг
зэргийн ангилал, хэрэглэл тус бүрийн шигшээ, багийн чөлөөт хөдөлгөөн,
цэцэрлэгийн багийн гэсэн дөрвөн ангиллаар зохион байгуулна. Оролцох тамирчдыг
энэ сарын 20-ны дотор бүртгэхийг зохион байгуулагчид анхаарууллаа.
Ulaanbaatar