ХӨВСГӨЛ: Мөсний баярыг цуцлахгүй, “Хөх баавгай” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн. 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/ Цас их орж өвөлжилт, хаваржилт хүндэрч буй зудын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний баярыг цуцлах тухай хөндөгдөж байсан ч аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн саналыг үндэслэн Мөсний баярыг цуцлахгүй “Хөх баавгай” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна.
Тодруулбал, олон улсын болон дотоодын жуулчид захиалгаа хийж, нислэгүүд тавигдаж, аялал жуулчлалын салбарынхан бэлтгэлээ хангасан учраас Мөсний баярыг 3 дугаар сарын 2,3-нд Хатгал тосгонд тэмдэглэнэ.
Хөвсгөл аймагт нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд "Хөх баавгай Хөвсгөл" аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, хилийн бүсийн аялал жуулчлал, боомт худалдаа, зам дагуух аялал жуулчлал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд сум бүр өөрсдийн онцлогт тулгуурлан нэрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээтэй болох, аялал жуулчлалын өртгийн сүлжээнд бүртгэх, брэнд бүтээгдэхүүнтэй болох юм. Мөсний баярын үеэр орон нутгийн иргэд худалдаа эрхэлж орлоготой болох боломжтой юм.
Мөн уран бүтээлчид тоглолт хийж зудад
нэрвэгдсэн малчдад тодорхой хувийг хандивлахаа илэрхийлж байгаа ажээ.