Т.Нямжаргал UFC-гийн өдөн жинд тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Холимог тулааны хамгийн алдартай холбоо болох UFC-гийн өдөн жинд Т.Нямжаргал гэрээ байгуулжээ. Өдгөө 25 настай Т.Нямжаргал 2020 оноос холимог тулаанаар хичээллэж дөрвөн жилийн хугацаанд найман ялалт байгуулсан юм.
Японы “Гладитор” холбоонд анхны тулаанаа Масаюки Ватанабэгийн эсрэг хийж эхний үед л хүнд цохилтоор буулган авч, аваргын бүс эзэмших болсноор Т.Нямжаргал олны хараанд өртөж, UFC холбооны өмнөх Road to Asian-д нударга зөрүүлэх боломжтой болсон. Энэ боломжийг залуу тулаанч ашиглаж өнгөрсөн онд хийсэн хоёр тулаандаа дараалан ялснаар UFC холбоонд гэрээ байгуулах сууриа тавьсан ажээ. Тэрбээр нийт найман тулааныхаа долоог нь үндсэн цагаас өмнө дуусгасан. Түүний хувьд UFC холбоонд хөл тавьж буй хоёр дахь монгол тулаанч болж байна.
Эхнийх нь Д.Батгэрэл
бөгөөд UFC холбоонд долоон тулаан хийж гуравт нь ялсан түүхтэй. Харамсалтай нь,
сүүлийн гурван тулаандаа дараалан ялагдсан тул UFC холбооны бүрэлдэхүүнээс
хасагдсан юм.