Б.Баттүшиг: Парисын олимпод 45-аас олон тамирчин оролцох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-06 13:54:04

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны олимп, “Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монголын баг тамирчдын хувцас хэрэглэл, бусад асуудалд зохион байгуулалтын шинэ ажил хэрэгжүүлэхтэй холбогдуулан санамж бичигт өөрчлөлт оруулжээ. Тус санамж бичигт БТСУХ-ны дарга О.Баттулга болон МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.


Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга, “Өнөөдөр бид МҮОХ-той санамж бичигт өөрчлөлт оруулж, баталж байна. Энэ бол бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх, өвлийн олимпын наадмуудад төрөөс төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх, МҮОХ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллах талаарх заалтыг оруулсан. Эрх зүй болон бичиг баримтын хүрээнд шийдээгүй асуудлыг шийдэхийн тулд энэхүү санамж бичгийг шинэчлэн баталлаа” гэв.


Харин МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, “МҮОХ-ноос төр засагтайгаа хамтарч ажиллах гэрээ үзэглэж байгаадаа баяртай байна. Парисын олимп тун ойртоод байна. Монгол Улс анх удаа 45-аас дээш тамирчны бүрэлдэхүүнтэйгээр олимпод оролцох боломжтой. Манайхаас 50 орчим тамирчин оролцвол спортыг дэмждэг улсуудын эгнээнд зүй ёсоор багтана. МҮОХ-ны зүгээс Олон улсын олимпын хорооны чуулганыг 2027 онд эх орондоо зохион байгуулахаар зорьж байна. Мөн 2030 онд залуучуудын олимпыг улсдаа зохион байгуулах боломж ч харагдаж байгаа” хэмээн ярилаа. 


171 хоногийн дараа Францын нийслэл Парис хотноо зуны олимпын наадам болох билээ. Одоогоор, Монголын найман тамирчин олимпын наадамд оролцох эрхээ авчээ. 2024 он гарсаар Үндэсний шигшээ багийн тамирчид Азийн АШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл, гранпри тэмцээнээс хоёр хүрэл, олимпын эрх олгох тэмцээнээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна.


相关新闻