ХӨВСГӨЛ: Цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-31 11:38:05

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймгийн  цэргийн хүрээний анги, салбарт ажиллалаа.


Хөвсгөл аймагт Батлан хамгаалахын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагаа эрчимтэй хэрэгжиж, иргэн цэргийн харилцаа бэхэжсэнээр залуусын хандлага маш эерэг болж, эх орноо хамгаалъя, иргэний үүргээ биелүүлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнийг орон нутгийн удирдлагууд онцолж байв.




Мөн тус аймагт зохион байгуулсан “Орон нутгийн хамгаалалтын сургууль”, “Бидний бахархал” төслийн үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн ивээл дор явуулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын түвшнийг тогтоох үзлэгийн үр дүнд байгууллага хоорондын, тэр дундаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо улам сайжирч, нэгдмэл байдал хангагдсанаас гадна сургалт бэлтгэл, бэлэн байдалд ахиц гарсан зэрэг үр дүнд хүрсэн гэдгийг дурдсан юм.




Ажлын багийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.


Энэ үеэр дээрх ангиудын захирагч, удирдлагууд өөрсдийн ангийн үйл ажиллагаа болон гүйцэтгэх үүргийн онцлог, бэлэн байдал, сургалт бэлтгэл, болзошгүй нөхцөлд хамтран ажиллах тусгай төлөвлөгөө зэргийг танилцуулж, цаашид төлөвлөсөн ажил, тулгамдаж буй асуудлуудаа уламжилсан юм.




Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай дээрх ангиудын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах салбарт 2020-2024 онд хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцууллаа.




Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого ‘’Алсын хараа-2050’’ Шинэ сэргэлтийн бодлого болон томоохон төсөл хөтөлбөр, улс орны стратегийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний үүрэг оролцоо сайн байгаа төдийгүй Зэвсэгт хүчин бүтээн байгуулагч, үйлдвэрлэгч салбар болсон гэдгийг онцолж байлаа.  




Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ОХУ-д үйлдвэрлэсэн, туулах чадвар сайтай "Зил-131" маркийн автомашиныг гардуулан өгч, алба хаагч нарт амжилт хүслээ.

 

相关新闻