Канвон-2024: Монголын залуу тамирчид өвлийн олимпод оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-23 16:49:22

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Солонгосын Канвон хотод залуучуудын өвлийн IV олимп хөшгөө нээж, медальтнууд эхнээсээ тодорч байна. Энэхүү олимпод манай улсаас спортын гурван төрөлд 12 тамирчин өрсөлдөж байгаа нь дээд амжилт юм. Өмнөх гурван наадамд дээд тал нь зургаан тамирчин таван тивийн залуустай өрсөлдөж байлаа. Тэгвэл энэ удаа 12 тамирчин өрсөлдсөн нь манай залуучуудын амжилт, ур чадвар ахиж байгааг харуулж буй. Хэдийгээр тэшүүрийн спортоор эрх авч чадаагүй ч уулын цанаар анх удаа олимпын цасан замд мөрөө гаргасныг онцлууштай. Залуучуудын өвлийн олимпод монголчууд хэрхэн оролцож байгааг багцлан хүргэе.


Монгол залуу олимпын тугийг залах түүхэн үүрэг гүйцэтгэлээ

Канвоны наадмын нээлтийн жагсаалыг солонгосчууд арай өөр байдлаар зохион байгууллаа. Өмнө нь улсынхаа далбаан дор тамирчид нь олноороо жагсаж, сүр хүчийг үзүүлдэг байв. Харин энэ удаа зөвхөн тугчийн үүрэг гүйцэтгэсэн тамирчид л цэнгэлдэхэд жагсаалаар орж ирсэн юм. Манай улсын тугийг уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар барин жагсав. Үүнээс гадна Канвоны олимпын нээлтийн ёслолд олимпын тугийг Монголын уулын цанын тамирчин М.Манлайжав залсан нь түүхэн үйл явдал байлаа.


17 настай тэрбээр олимпын таван цагариг бүхий далбааг Өмнөд Африк, Серби, Египет, Коста-Рика, Аргентиний тамирчидтай хамтран барьж Olympic Oval мөсөн ордонд орж ирсэн нь манай улсын олимпизмын түүхэнд тодоор бичигдсэн юм. Монголын багийн ахлагч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ОУОХ-ны хүндэт Ш.Магван нар Олимпын хотхонд тамирчидтайгаа уулзан, амжилт хүсэж дэмжлэг үзүүлсэн байна. МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг тамирчдыг бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, тэмцээн уралдаандаа амжилттай оролцохын зэрэгцээ спорт олимпизмын хөдөлгөөнийг дэлгэрүүлэх үйлсэд цаашид МҮОХ-той хамтран ажиллахыг хүсэж, “Харбин 2025” Азийн өвлийн наадам, “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд залуу тамирчид бүгд оролцох боломжтой, үүд хаалга нээлттэй байгааг хэлэв.


Мөн ОУОХ-ны бодлого чиглэл, тамирчдын эрүүл мэнд, боловсрол, бизнест дэмжлэг үзүүлэх “Тамирчин 365” хөтөлбөр болон Тамирчдын комиссын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэсэн байна.


Монголчууд анх удаа уулын цанаар өрсөлдлөө

Монгол Улсаас анх удаа уулын цанын төрлөөр залуучуудын өвлийн олимпод оролцох эрхээ авсан Х.Халиун тус төрөлд хурд сорьж, шинэ түүх бичив. 78 тамирчин жиант слаломд уралдсанаас 24 нь алдаа гарган амжилтаа бүртгүүлж чадсангүй. Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн манай тамирчин Х.Халиун хоёр гараагаа хоёуланг нь алдалгүй дуусгаж, 2:36.23 минутын үзүүлэлтээр 42 дугаар байр эзэллээ. Энэ төрөлд Итали, Швейцар, Шведийн тамирчид шагналын тавцанд зогсов. Уулын цанын эрэгтэй тамирчин маргааш уралдана.


Тэгвэл манай тамирчдын тэмцээн уралдааны салхийг биатлончид хагалсан. Германд бэлтгэлээ хийгээд Солонгост ирсэн манай тамирчдын эхний өдрийн уралдаан тийм амар байсангүй. Тэмцээн болж буй баазад цас орж, цасаар шуурсан нь бүхий л тамирчны амжилтад сөргөөр нөлөөлөх нь тэр. Энэ төрөлд биатлоноор дэлхийд манлайлдаг Франц, Норвеги, Чех, Итали, Герман, Словен, Украйны тамирчид ээлжлэн шагналын тавцанд зогсож байна. Манай эрэгтэйчүүд ганцаарчилсан 12.5 км-ийн зайд уралдахад спортын мастер Т.Амарсанаа 92, Б.Тэмүүжин 80, спортын мастер Б.Сүхбат 76 дугаар байр эзэлсэн. Харин 7.5 км-ийн спринтэд Б.Сүхбат 75, Т.Амарсанаа 78, Б.Тэмүүжин 88-д орлоо.


Харин эмэгтэйчүүдийн 10 км-т Х.Эрдэнтунгалаг 86, Д.Нямсүрэн 90, О.Оюуцолмон 94 дүгээрт хурдаллаа. Спринтэд 99 тамирчин уралдсанаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч-тамирчин Д.Нямсүрэн 28:11.1 минутын амжилтаар 77-р байрт бичигдэв. Хэнтий аймгийн харьяат тамирчин, спортын мастер Х.Эрдэнэтунгалаг 28:16.4 минутаар 78, Орхон аймгийн харьяат О.Оюуцолмон 34:58.8 минут хурдлан 90-р байрт жагссан юм.


Маргааш манай биатлончид 4х6 км-ийн холимог буухиад уралдах бол уулын цанын эрэгтэй тамирчин М.Манлайжав гараанд гарна.


Залуучуудын өвлийн олимпын онцлох баримтууд

"Канвон-2024" залуучуудын өвлийн олимп үргэлжилж байна. Энэ олимпод бүртгэгдсэн онцлох баримтуудаас сонирхуулъя.

-Алжир, Нигери, Пуэрто-Рико, Тунис, АНЭУ гэсэн таван орон залуучуудын өвлийн олимпод анх удаа оролцож байна.

-Нийт 1802 тамирчин оролцож буй нь залуучуудын өвлийн олимпын шинэ дээд амжилт юм.

-Бразилын тамирчин Зион Бетонико эрэгтэйчүүдийн сноубордын кросс төрөлд хүрэл медаль хүртсэнээр тус улс залуучуудын олимпын наадмаас анхны медалиа хүртэв.

-Мохаммед Боздаг шорт-трекийн 1000 метрийн уралдаанд дэд байр эзэлж, залуучуудын өвлийн олимпын медальт анхны турк тамирчин боллоо.

-Халуун орноос ирсэн чаргачин бүсгүй Агнэсэ Кампэол мөнгөн медалиар энгэрээ мялаасан анхны тайланд тамирчин болж байна.


-Наадмын хөтөлбөрт шорт-трекийн 1500 метр, гүйлтийн цанын холимог буухиа, цанын хоёр төрөлтийн багийн уралдаан анх удаа багтжээ.

-Нээлтийн ёслолоос бусад бүх тэмцээн, уралдааны тасалбар үнэ төлбөргүй бөгөөд наадмыг газар дээрээс нь үзэхийг хүссэн хүмүүс tickets.gangwon2024.org сайтад зочлон тасалбараа захиалах боломжтой.

-Наадмын өөр нэгэн онцлог нь алдартай тамирчдын хүүхдүүд, дүү нар залуучуудын олимпод оролцож байгаа явдал байв. Тухайлбал, Олимпын аварга, Италийн цаначин Даниела Чеккареллигийн охин Лара Колтури Албанийн нэрийн өмнөөс өрсөлдөнө. Мөн “Бээжин-2022” олимпын хүрэл медальт Эстонийн Келли Силдаругийн дүү Хенри Силдару цанын фристайл төрөлд, мөн л Бээжингийн олимпын хүрэл медальт Японы Мүрасэ Кокомогийн дүү Мүрасэ Юра сноубордын төрөлд эх орноо төлөөлнө.  

-Өмнөх залуучуудын олимпод түрүүлсэн БНХАУ-ын фристайлч Гу Эилин, АНУ-ын сноубордчин Клое Ким, Словакийн уулын цаначин Петра Влхова, Норвегийн фристайлч Бирк Руд нар “Бээжин-2022” олимпын аварга болж байв.


Медалийн хүснэгтийг италичууд тэргүүлж байна

Залуучуудын өвлийн спортын наадмыг гурван өдрийн дараахь байдлаар Итали долоон алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Араас нь Герман, Франц нэхэж байгаа бол Хятадын баг гурван алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар дөрөвдүгээрт эрэмбэтэй явна. Харин зохион байгуулагчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэлтэй айргийн тавд жагсаж байгаа юм. Хятадууд одоогоор 10 медаль авснаас шорт трекээр гурван алт, дөрвөн мөнгө, тэшүүрээр хоёр мөнгө, бобслейгээр нэг хүрэл медаль зүүжээ. Тэгвэл хүснэгтийг тэргүүлэгч Италийн баг долоон алтан медалийнхаа дөрвийг нь люжээр авчээ. Мөн уулын цанаар хоёр, биатлоноор нэг алтан медаль хүртсэн байна. 
















相关新闻