БАЯНХОНГОР: Тэмээчдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах бодлогын хэрэгжилт чухал байгааг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-23 11:12:58

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Тэмээн холбооноос хамтран зохион байгуулж буй Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн, баяр наадам Баянхонгор хотноо болж байна.


Зөвлөгөөнд УИХ-ын дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны болон эрдэмтдийн төлөөлөл, Монголын тэмээчдийн холбоод, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Завхан, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн тэмээчид, зочид төлөөлөгчид оролцож байна.

 

Баянхонгор аймагт 36 жилийн дараа болж буй тус зөвлөгөөн Ламын гэгээний улаан тэмээг үүлдрээр баталсан, Баянхонгор аймагт ингэний сүүний үйлдвэр эхний бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх гэж буй цаг үетэй давхцаж буйгаараа онцлог. Говь-Алтай аймаг “Төхөм Тунгалагийн хүрэн” үүлдрийн, Завхан аймаг “Завхан Хүнгүй” хэвшлийн тэмээгээ өсгөн үржүүлж, Өвөрхангай аймаг “Монголын хоолойн тэмээ”-гээ, Ховдынхон “Дөргөний тэмээ”-гээ омог болгон батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд хоёр өдрийн хөтөлбөртэй тус үйл ажиллагаанд долоон аймгийн 20 сумын 200 шахам тэмээчин оролцож байгаа юм.


 

Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил бол мал аж ахуй, түүний дотор хоёр бөхт тэмээ бөгөөд энэхүү гайхамшигт амьтны ноос, мах, сүү нь үнэт түүхий эд, дэлхийд өрсөлдөх монгол брэндийн нэг билээ.


2023 оны урьдчилсан тооллогоор Монгол Улс 473.9 мянган тэмээ тоолуулж, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өссөн байна. Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5, Баянхонгор 48.9, Говь-Алтай 47.4, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний 5 байрт жагсжээ.


Аймгийн хэмжээнд 48.9 мянган тэмээ тоолуулсан нь өмнөх оноос 3.4 мянга буюу 7.5 хувиар өссөн дүн юм. Аймагтаа 17.2 мянган тэмээтэйгээр Баянлиг сум тэргүүлсэн бол Шинэжинст сум 7.2 мянга, Баян-Өндөр сум 6 мянга, Богд сум 3.9, Баянговь сум 3.8 мянган тэмээ тоолуулсан байна.  

 

Тэмээн сүргийн тоо толгой өсөх нэг хэрэг, тэмээчдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах бодлогын хэрэгжилт чухал байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөгөөний нээлтэд хэлсэн үгэндээ, Монголын хос бөхт тэмээн сүрэг, түүнийг маллах “тэмээн соёл” бол Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил, аж төрөл. Дэлхийд ховордсон энэ гайхамшигт амьтнаас гардаг ноос, мах, сүү нь үнэт түүхий эд, дэлхийд өрсөлдөх монгол брэндийн нэг мөн юм. Тиймээс бид монгол тэмээгээ улам өсгөн үржүүлэх ёстой. 1954 онд 895 мянга гаруй тэмээ тоолуулж байсан рекорд амжилтад хүрэх, түүнээс давж гарах нь монгол төрийн бодлого, тэмээчдийн хэтийн зорилго мөн.

Тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоно гэвэл өрөөсгөл болно. Учир нь амгалан дөлгөөн зантай, холыг туулах, ачаа, өл даах чадвараараа гарамгай, уналга эдэлгээнд амархан сурдаг, тэвчээртэй, дуулгавартай гээд олон сайн чанарыг агуулсан монгол тэмээ Монгол орны говь, цөлийн экологийн нөхцөлд гайхамшигтай дасан зохицсон амьтан. Түүнчлэн хоёр бөхт монгол тэмээний генефондыг хамгаалах, өсгөн үржүүлэх нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг юм. Тиймээс төр, засгаас хоёр бөхт монгол тэмээг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно” гэдгийг хэлсэн юм.




Монголын тэмээн соёл улсын зөвлөгөөн, баяр наадмын үеэр, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлж буй монгол тэмээн соёлын холбооны тэргүүн, дэд тэргүүний санаачилгаар хурдан тэмээний улсын алдарт уяач цолыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач Сангижавын Галт, Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач Мөнхтуулын Мөнхбаян нарт олгосныг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулан өгөв.

Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тэмээчин Ч.Сугар-Очир, "Цаг уурын өөрчлөлт, уул уурхайн нөлөөлөл зэргээс шалтгаалж говь нутаг цөлжилт, хуурайшилтад нэрвэгдээд байна. Газрын гүний усыг ашиглахгүй байх талаар, шороон замаар олон удаа явж тоосжилт үүсгэхгүй байх талаар анхаармаар байна. Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг говь нутаг руу чиглүүлж, түлхүү тариалбал говь нутгийн бидэнд чухал хэрэгтэй байна" гэдгийг хэлж байлаа.


Монголын тэмээн соёл” тэмээчдийн зөвлөгөөн тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөн үржүүлэх, тэмээчид, малчдыг туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, тэмээний аж ахуйд хэрэглэж ирсэн уналга, эдэлгээний тоног төхөөрөмж, ахуйн хэрэглэлийг танин мэдэх, сурталчлах, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.


Энэ өдрүүдэд тэмээний буухиа уралдаан, тэмээний парад, сайхан тэмээтэй хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах, мөн буйл зорох, бурантаг томох, 3 насны тэмээн уралдаан болохоос гадна тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.









相关新闻