Японы амьтны хүрээлэн дэх хулсны баавгайг Хятад руу буцаах хугацааг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-12-28 16:40:03

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /Kyodo/. Японы баруун нутгийн Кобе хотын "Oji" амьтны хүрээлэнгийн аварга эм хулсны баавгайг Хятад руу буцаах ажлыг дахин нэг жилээр хойшлуулахаар болжээ.


Тан Тан нэртэй уг баавгай нь 28 настай бөгөөд Япон дахь хамгийн өндөр настай хулсны баавгай ажээ. Хүний насаар тооцоолбол Тан Тан 80 нас хүрсэн гэж амьтны хүрээлэнгээс мэдээлсэн байна. Тан Таны хоолны дуршил буурч, намраас хойш хөдөлгөөн нь илт багассан харагдах болжээ.


Хулсны баавгайг 2000 онд Хятадаас уг амьтны хүрээлэнд үржүүлэх зорилгоор авчирчээ. Улмаар 2020 оны долоодугаар сард холбогдох гэрээнийх нь хугацаа дуусмагц нутаг буцаах ёстой байсан боловч коронавирусний цар тахал болон настай нь холбоотой зүрхний өвчнийг эмчлэх шаардлагатай болсны улмаас хойшлуулсан байна.


Ийнхүү амьтны хүрээлэнгийн удирдлагууд Хятадын талтай хэлэлцэж зөвлөлдсөний дүнд үзлэг, эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байгаагаас гадна тээвэрлэлтийн эрсдэлийг харгалзан нутаг буцаах хугацааг энэ сарын сүүлчээс дахин хойшлуулах шаардлагатай гэж үзжээ.


Амьтны хүрээлэнгийн ажилтнууд 2022 оны хавраас эхлэн Тан Таныг эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан олон нийтэд үзүүлэхээ больсон байна.

相关新闻