Сүхбаатарын талбайд шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-23 13:23:16

Эх орны хөрсөнд ургасан эрүүл, чанартай хүнсний ногоогоор хангах, тариаланчдыг дэмжих зорилго бүхий “Ургацын баяр-2016” үзсгэлэн худалдаа өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийв.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Булган сумын помидор 1 кг нь 5000, Ховдын тарвас 800, Амтат гуа 3000 төгрөг байна. Мөн төмс 1 кг нь 500, лууван 600, манжин 800, сонгино 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол Шаамарын Зөгийн бал савлалтаас шалтгаалан 10-20 мянган төгрөгийн ханштай байна. Мөн төрөл бүрийн жимс, жимсгэний мод, бут, сөөг ч борлуулж байгаа харагдсан.Үхрийн нүдний модны бут нь 40 мянга, 1 үндэс нь 3500 төгрөг байгаа бол чацарганы мод 1000, тэхийн шээг 3000, харин гоёлын мод буюу Хайлаас, улиасын үндэс 500, шар хуайс 1000, гүүлс 2500 төгрөгөөр  тус тус борлуулж байв.

Тариаланч хүнсний ногоо, жимс жимсгэнээ хураан авсны дараа борлуулахад ихээхэн хүндрэл учирдаг. Өөрөөр хэлбэл, борлуулах газар, талбай олддоггүйгээс хүнсний ногоогоо удаан хадгалах, муудах улмаар үнэгүйдэх эрсдэлтэй тулгардаг аж. Тиймээс тариаланчид энэхүү үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж буй Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т талархал илэрхийлээд бусад холбогдох албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол явуулж байхыг хүслээ.

Үзэсгэлэн, худалдаа ирэх сарын 05 хүртэл үргэлжилнэ.

Ч.Ариунболд

相关新闻