СЭЛЭНГЭ: МУСТА дуучин Б.Цолмон шавиараа бахархлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт,
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит Мэргэжлийн
дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын гуравдугаар уралдааны Мэргэжлийн
дуучин төрлийн хоёрдугаар байрын шагналыг Сэлэнгэ аймгийн
Зүүнбүрэн сумын уугуул, ОХУ-ын Владивосток хотын Мариинский театрын гоцлол
дуучин Д.Бат-Эрдэнэ хүртжээ.
Түүний тухай АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгын гоцлол дуучин, МУСТА Б.Цолмон “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул, АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгаас дуучныхаа гарааг эхэлж байсан. Одоо ОХУ-ын Марийнский театрын дуучин МУСТА Доржцэдэнгийн Бат-Эрдэнэ хоёрдугаар байр эзэлжээ. Ай мөн сайхан хоолой, ай мөн их хөдөлмөр дөө. Эрхэм дуучин танд бүх сэлэнгийнхний өмнөөс халуун баяр хүргэе.
Хүүгээ дагуулсан нэгэн ээж одоогоос 15 жилийн өмнө хадаг барин золгож байсан нь саяхан мэт боловч он цагийг элээжээ.
Эргэн
дурсахад сайхан байна, бахархалтай байна. Дахин дахин баяр хүргэе шавь минь”
хэмээн цахим хуудаснаа баярласан, бахархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.
Алдарт хөгжмийн
зохиолч Б.Шаравын нэрэмжит Мэргэжлийн дуулаачдын уралдаан энэ сарын 9-14-ний
өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон.
Энэхүү уралдаанд
35 нас хүртэлх насны мэргэжлийн 60 гаруй дуучин 3 шатны шалгаруулалтад дуулж
өрсөлдсөн байна.
Дуучин Д.Бат-Эрдэнэ
нь дуулаачийн анхны гараагаа Сэлэнгэ аймгийн АДБ-ийн "Сэлэнгийн
долгио" чуулгаас эхэлсэн байдаг. Тус чуулгад том, жижиг, дунд хэмээн хамт
олон нь дууддаг Бат-Эрдэнэ нэртэй 3 дуучин байсан бөгөөд түүнийг чуулгынхан “дунд
Бат-Эрдэнэ” хэмээн авгайлан дууддаг байв.
Одоо тэрбээр
ОХУ-ын Владивосток хотын Мариинский театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаа ажээ.