СЭЛЭНГЭ: Ч.Алтантуяа: Гадаад хамтын ажиллагаа сурагчдын цаашдын хөгжил, төлөвшилд чухал нөлөө үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-10 14:00:44

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БШУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, сургалт, арга зүйн албаны дарга Ч.Алтантуяатай уулзаж, аймгийн боловсролын салбарын ажил үйлсийн талаар ярилцлаа.

 

-Аймгийн боловсролын салбарын өмнө тавьсан гол зорилго юу байна. Мэргэжлийн багш нарын хүрэлцээ хангамж хэр байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Бид энэ жил "Хамтын оролцоо, үр дүнд суурилан байгууллагын менежмент, сургалтын чанарыг сайжруулах"-д гол зорилгоо чиглүүлэн ажиллаж байна. Манай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 35 сургуулийн 824 бүлэгт 21953 сурагч суралцаж байгаа. Багш нарын тухайд 1134 үндсэн багш ажиллаж байна. Англи хэл, математик, хими, бага анги, монгол хэл, түүх нийгэм гэх мэт 82 багш дутагдалтайгаас түр 17, үндсэн орон тоонд 65 багш дутагдалтай байгаа.

 

Энэ жилийн тухайд шинээр ажилд орсон 138 багшийн 14 нь сургууль төгсөж ирсэн, 66 нь шилжиж ирсэн, 30 нь өндөр насны тэтгэвэрт гарсан, 15 нь боловсролын бус салбарт ажиллаж байсан багш буцаад багшийн мэргэжлээрээ ажиллаж байна. 

 

Сургалтын хувьд суурь боловсролын хамран сургалт өнгөрсөн жил 87.5 хувьтай байсан. Энэ онд өнгөрсөн жилээс 3.5 хувиар ахиж, 91.0 хувьд хүрсэн амжилттай байна.  

 

-Орон даяар Ерөнхий боловсролын сургуулиудын 1 дүгээр улирлын амралт эхэлсэн. Энэ үеэр багш нар амрахгүй суралцсаар байдаг. Манай аймгийн багш нарын тухайд ямар үйл явдал өрнөж байна?

-Энэ сарын 4-ний өдөр “Дэлхийн тогооч нарын өдөр"-т зориулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тогооч нарын үзүүлэх ажил, спортын 3 төрөлт тэмцээнийг Цагааннуур суманд зохион байгууллаа.

 

Энд 200 орчим тогооч, туслах тогооч, бэлтгэгч нар хамрагдлаа. Мөн Баянхонгор аймагт 4-6-ны өдөр болсон "Хөдөөгийн багш нарын спортын ХХ наадам"-д аймгийнхаа 45 тамирчин багшийг амжилттай оролцууллаа.

 

Мөн “Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ ОНХХ-тэй хамтран "Аюулгүй сонголт" сургалтыг явуулж, ахлах ангийн 1000 сурагчийг оролцуулан, бэлгийн боловсрол олгож байна.

 

Түүнчлэн Дэлхийн зөнгийн зорилтот сумын Ерөнхий Боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, дотуур байрны багш нар гээд нийт 25 хүнд хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, мансууруулах бодисын хэрэглээ. Түүнээс урьдчилан сэргийлэх, дэмжин туслах бүлэг зохион байгуулах, сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 8-10-ны өдрүүдэд явуулж байна. Энэхүү сургалтыг сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сургагч багш нар удирдан явуулж байгаа.

 

-Багшийн хөгжлийн талаар тухайлбал үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлж, байгууллагын менежментийг сайжруулах жилийн хүрээнд хийсэн ажлынхаа амжилтаас тодруулаач?

-Бид сургалтын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд гүйцэтгэлийн үнэлгээний дүнгээр 2022 онд 35 сургуулиас 24 сургууль 1-4 дүгээр түвшинд үнэлэгдэж байсан. Гэтэл 2023 онд 35 сургуулиас 25 сургууль 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн. Ингээд урамшуулал авч байгаа байгууллагын эзлэх хувь 0.8 хувь өсөж, үнэлгээ ахисан 9, буурсан 9, түвшнээ бататгасан 16 сургууль байна.

 

Байгууллагын ерөнхий үр дүн нь улсын дунджаас 1.19 хувь дээгүүр байгаа нь багш, ажилтан, боловсролын байгууллагаар үйлчлүүлэгч, хамтран ажиллагсдын хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүн гэж би бодож байгаа.

 

Цэцэрлэгүүдийн тухайд өнгөрсөн жил 38 цэцэрлэгээс 15 цэцэрлэг 1-4 дүгээр түвшинд үнэлэгдэж байсан. Энэ 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр 39 цэцэрлэгээс 18 цэцэрлэг 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн. Эдгээр нь байгууллагын менежментийг сайжруулах урамшуулал авах боломжтой болсон. Ингээд гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн ахисан 11, буурсан 7, түвшнээ бататгасан 20 цэцэрлэг байна.

 

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг үнэлж, урамшуулал олгох зорилго бүхий гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад 978 багш хамрагдаж, 527 багш урамшуулал авсан.

 

Ингэснээр өнгөрсөн жилийнхээс багш нарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 2.49 хувь ахиж, 75.29 хувьд хүрсэн. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 2022 онд 105 багш индексийн 1-4 дүгээр түвшинд үнэлэгдэж байсан. Харин 2023 онд 158 багш болж, урамшуулал авсан. Ингээд багшийн эзлэх хувь 21.8 хувиар нэмэгдсэн байгаа.

 

-Энэ жилийн тухайд боловсролын байгууллага нэлээд амжилт дүүрэн байх шиг байсан. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Манай багш, сурагчид, боловсролын салбарынхан маш их амжилт дүүрэн байгаа. Тухайлбал “Боловсрол дахь ёс зүйн асуудал, шийдэл” оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал”-д Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш нарын “Нэмэх цэнэг” багийн “Сургуулийн орчин дахь суралцагчдын ёс зүйн зарим асуудлыг “”Сайныг дагаж, зөвөөр үлгэрлэе” нөлөөллийн ажлаар шийдвэрлэх нь” илтгэлийг үндэсний хэмжээнд хэлэлцүүлж, улсад дэд байр эзлэн, өнгөрсөн жил мөн дэд байр эзэлсэн амжилтаа бататгасан.

 

Энэ бол Сэлэнгэ аймгийн багш нарын ажлын арга барил, судалгаа шинжилгээний арга зүй үндэсний хэмжээнд байгааг харуулж байгаа юм.

 

Мөн Дэлхийн 80 гаруй улсын 6500 сургуульд хөтөлбөр нь хэрэгждэг, 150 гаруй жилийн түүхтэй, "Рearson" англи хэлний цогц хөтөлбөрийг өнгөрсөн хичээлийн жилд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 5-9 ангийн 432 сурагчид зааж туршсан. Энэ хичээлийн жилд бүх сургуулийн 5-6 дугаар ангийн 4167 сурагчийг хамруулж, 60 багш зааж байна.

 

Англи хэлний унших, бичих, ярих, сонсох, хэлний хэрэглээний чадварыг богино хугацаанд хөгжүүлэх зорилготой "English Reading Teachers 2023" хөтөлбөрт 537 багш, ажилтан оролцсон. Энд гутгаар шатанд хамгийн олон оролцогч амжилттай оролцсон аймгаар шалгарсан.

 

Мөн Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд 2017 онд ЕБС-д нийлүүлсэн SТЕАМ боловсролын хэрэглэгдэхүүнийг бүтээлчээр ашиглах чадварыг нэмэгдүүлэх, бага ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш нарын сургалтын арга зүйг сайжруулж, шилдэг туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Бүтээлч багачууд-шилдэг багш” уралдааныг 3 үе шаттай зохион байгуулсан. Энд 32 сургуулийн 25 багш, 88 сурагч оролцож, улсын уралдаанд Мандал сумын 3 дугаар сургуулийн бага ангийн багш О.Энхбаяр шилдэг 10 багшийн нэгээр шалгарсан байгаа.

 

-Цахим хичээлийг бас амжилттай явуулж, цахим контент хийж байгаа гэж сонссон юм байна?

-Аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулиас санаачлан 5 бүсэд "Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах арга зүй”-н сургалтыг явуулсан. Энэ сургалтад 400 гаруй багшийг хамруулж, багш нар өөрсдийн сургуулиудад сургагч багшаар ажиллан цахим хичээл боловсруулах, байршуулах ажилд түүчээлэн оролцсон.

 

Энэхүү сургалтын үр дүнд Сэлэнгэ аймгийн багш нараас “Мэдлээ.мн” сайтад  цахим контент боловсруулахаар холбогдсон  багшийн тоо 40.7 хувь болж улсын хэмжээнд багш нарын хандалтаар эхний гуравт эрэмбэлэгдсэн.

 

-Ахлах ангиудад сонгон судлах хичээл ордог болсон. Энэ талаар . . .?

-10 дугаар ангид сонгон судлах хичээл заах багшийн тоо 3 байсан. 2023-2024 оны хичээлийн жилд 10 багштай болсон. 10-11 дүгээр ангийн сонгон судлах хичээлийг цахимаар зохион байгуулахаар бид ажиллаж байна.

 

Цахим сургуульд 10, 11 дүгээр ангийн 1200 гаруй сурагч хамрагдаж, өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн.

 

-Сүүлийн жилүүдэд хүүхдүүд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нь нэмэгдэж байх шиг. Энэ жилийн тухайд хэчнээн хүүхэд гадаадад суралцахаар явсан бэ?

-АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй ахлах ангийн сурагчдад зориулсан манлайлагч бэлтгэх Олон улсын боловсролын FLEX хөтөлбөрийн 2023 оны шалгаруулалтад Сайхан сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Э.Сэлэнгэсайхан тэнцэж, АНУ-д суралцаж байна.

 

Мөн АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилттэй Аксесс тэтгэлэгт хөтөлбөрийг Сэлэнгэ аймагт анх удаагаа хэрэгжүүлж, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 30 сурагч хамрагдаж байна.

 

-Боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудаасаа сонирхуулаач?

-Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны А/60 дугаар тогтоолоор батлагдсан “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын сургуулийн хими, физик, дизайн технологийн хичээлүүдийн хэрэглэгдэхүүнийг 33 сургуульд, аймгийн Засаг даргын дэмжлэгээр физикийн хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг 6 сургуульд хүлээлгэн өгсөн.

 

Мөн Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар 1 дүгээр сургууль, Мандал, Сүхбаатар сумын 1, 6 дугаар цэцэрлэг зэрэг байгууллагад багш хөгжлийн кабинет, ухаалаг самбар, лингафоны кабинет, гал тогооны тоног төхөөрөмж, аймгийн Засаг даргын хөтөлбөр арга хэмжээний зардлаас 100 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байгаа.

 

Түүнчлэн ЕБС-ийн нөхөн хангалтын зардлаас 35 ерөнхий боловсролын сургуульд 40 цахим танхим байгуулж, 943 таблет, 15 суурин, 27 зөөврийн компьютерыг худалдан авч, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

 

-Боловсролын салбарын гадаад харилцаа хэр өргөжиж байна. Ямар улс оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна вэ?

-БНСУ-ын Жэжү тусгай мужийн Боловсролын газартай хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар Б 1, 2, 4, Шаамар, Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуульд орчин үеийн мэдээлэл харилцааны технологийн кабинетыг тохижуулж өгсөн.

 

Мөн энэ хичээлийн жилд Мандал сумын 4 дүгээр сургуульд мэдээллийн технологийн иж бүрэн кабинетыг хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Ингэснээр 2018 оноос хойш манай аймгийн 6 сургуульд мэдээлэл харилцааны технологийн иж бүрэн кабинет байгуулахад 257.602 доллар буюу 870 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байгаа. Эдгээр танхимд 200 гаруй багш, 5000 гаруй сурагч хичээллэн, мэдээлэл харилцааны технологийг ашиглан мэдээлэл авч, цахим сургалт явуулж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн суралцаж байна.

 

Мөн “Jeju youth forum” дэлхийн залуучуудын чуулга уулзалтад аймгийнхаа багш, суралцагч 20 гаруй хүнийг оролцуулсан. Мөн харилцан туршлага судлах, хамтран ажиллах хүрээнд мөн 20 гаруй хүн БНСУ-ын Жэжү мужид очиж, туршлага судлаад ирсэн.

 

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн өнгөрсөн хавар 5 дугаар сард манай аймагт айлчилсан. Энэ айлчлалынхаа хүрээнд 9 сумын 11 сургуулийн 37 сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл  45 хүнийг Улаан-Үд хот дахь 5 их сургууль, 3 коллежийн үйл ажиллагаатай танилцах урилгыг өгөөд явсан байсан. Бид Буриадын төрийн тэргүүний урилгыг хүлээн авч аялаад ирсэн.

 

Энэ аялал бол сурагчид ажил мэргэжил, сургалтын орчноо сонгох, найз нөхөд, эцэг эх асран хамгаалагчдадаа мэдээлэл өгөхөд чухал дэмжлэг болсон. Мөн ОХУ-ын Хиагт хотын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 1-7 дугаар ангид энэ хичээлийн жилээс эхлэн 20 сурагчийг эцэг эх, асран хамгаалагчдынх нь дэмжлэгтэйгээр суралцуулж эхлээд байна. Гадаад харилцааг өргөжүүлэн, хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь хамтын ажиллагаа, сурагчдын цаашдын хөгжил төлөвшилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

相关新闻