БАЯНХОНГОР: Хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Оролцъё-Хөгжье-Хамгаалагдъя” уриан дор Баянхонгор аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулганыг аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-аас холбогдох газруудтай хамтран зохион байгуулж байна.
Баянхонгор аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхсайхан чуулганы нээлтэд оролцож 20 сумаас ирж оролцож буй 260 гаруй хүүхэд багачуудтайгаа мэндчилэн “Манай хүүхдүүд энэ чуулганаар тулгамдаж буй асуудлаа ярьж хэлж, олон шинэлэг санаачилгыг гаргана гэдэгт итгэлтэй байна. Чуулганаас гарсан үнэтэй саналыг хэрэгжүүлэхэд Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд бид хамтран ажиллах болно" гэдгээ илэрхийлсэн юм.
Өмнөх жилүүдийн хүүхдийн чуулганаас гарсан саналыг харгалзан тэднийг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд аймаг орон нутагт тодорхой анхаарч, энэ хугацаанд Оготнотой булагт спортын гадна талбайнуудыг байгуулан тохижуулж, спорт заалыг хүртээмжтэйгээр олноор байгуулж, Усан бассейн бүхий спорт цогцолбороо ашиглалтад оруулж, орон нутагт анх удаа олон улсын наадмын жишгээр Монголын хүүхдийн спортын зуны VII наадмыг зохион байгуулсан юм.
Мөн манай аймаг хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн орчныг нэлээд сайжруулж, шинэ сургуулиудын барилга ашиглалтад орсны зэрэгцээ, 14 сургуульд Дижитал кабинетыг байгуулан хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангахад анхааран ажиллаж байна.
Энэ удаагийн хүүхдийн чуулганаар тус тусын чиглэл бүхий 8 өртөөг холбогдох байгууллагууд ажиллуулж,
1. Гэр бүл дэх “Хүүхдийн хөгжил, хамгаалал”
2. Боловсролын салбар дахь “Хүүхдийн хөгжил, хамгаалал”
3. Эрүүл мэндийн үйлчилгээн дэх “Хүүхэд хамгаалал”
4. Цахим орчин дахь хүүхэд хамгаалал
5. Соёл, олон нийтийн үйл ажиллагаан дахь “Хүүхдийн хөгжил, хамгаалал”
6. Хүүхдийн элч, СНА-ны салбар хуралдаануудыг зохион байгуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр салбар тус бүр хамтын ажиллагааг бэхжүүлэх аж.
Үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ-ын хурлын зааланд авьяаслаг хүүхэд багачууд өөрсдийн хийсэн бүтээлээрээ “Би ирээдүйн баялаг бүтээгч” экспо үзэсгэлэн худалдааг гаргаж байна.