Биржийн бус зах зээлийн блокчэйн арилжааны системийг сэндбокс зохицуулалтын орчинд туршихаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-09 12:15:32

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сэндбоксын зөвлөлийн тавдугаар хуралдаан болж “Сэндбокс орчны тойм, сэндбоксын албаны үйл ажиллагаа”, “Финтек зохицуулалтын инновац хаб байгуулах суурь судалгаа” болон сэндбоксын орчинд шинээр турших гурван бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зэрэг нийт таван асуудал хэлэлцжээ.


Хуралдааны үр дүнд “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны хөгжүүлж буй биржийн бус зах зээлийн блокчэйн арилжааны систем болон “Фандиа” компанийн урамшуулал, хандив, хөрөнгө оруулалтад суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээг сэндбокс зохицуулалтын орчинд нэг жилийн хугацаатай туршихаар болсон байна. Биржийн бус зах зээлийн арилжаанд блокчэйн системийг нэвтрүүлснээр үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа, төлбөр тооцоог автоматаар, цагийн хязгаарлалтгүй гүйцэтгэх боломж бүрдэх юм. Түүнчлэн платформд суурилсан хамтын санхүүжилтийн үйлчилгээ нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд шинэ төрлийн үйлчилгээ бөгөөд сэндбоксын орчинд туршиж буй хоёр дахь хамтын санхүүжилтийн үйлчилгээ юм. 


Сэндбокс зохицуулалтын орчин нь технологийн дэвшилд суурилсан шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хязгаарлагдмал орчинд турших, амжилттай туршсан бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, онцлогт тохирсон зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиглэлд зах зээлийн оролцогчид, бодлого гаргагчид хамтран ажиллах боломж олгодог зохицуулалтын хэрэгсэл юм. Манай улсын санхүүгийн зах зээлд 2021 онд нэвтрэн технологид суурилсан шинэ  бүтээгдэхүүн, үйлчилгээг туршиж байна.  

相关新闻