“Тээврийн долоо хоног” форум “Чөлөөт агаарын зай” сэдвээр үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-09 11:45:32

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт Тээврийн долоо хоног “Олон Улсын форумын дөрөв дэх өдөр Азийн бүсийн өндөр түвшний хоёр дахь удаагийн яриа хэлэлцээ”, “Чөлөөт агаарын зай” гэсэн хоёр сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Тус форумд Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо, Дэлхийн банк, Евроконтрол, агаарын навигацийн систем хөгжүүлэгч компаниуд, агаарын тээвэрлэгчид гэх мэт 24 улсын төлөөлөгчид, мөн Монгол Улсын иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид нийт 120 гаруй хүн оролцож байгаа юм.  


Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд агаарын тээврийн либералчлалыг дэмжиж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн тоо, зорчигч, ачаа тээврийн хэмжээг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ажиллаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа нь бидэнд тодорхой үр өгөөжийг өгснийг салбарынхан онцоллоо.


Тухайлбал 20 жилийн турш зөвхөн яриа, төслийн түвшинд байсан “Агаарын тээврийн тухай АНУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг энэ оны наймдугаар сард байгуулжээ. Ингэснээр манай улс АНУ-руу шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, нислэгийн давтамжийг 2-3 дахин нэмэгдүүлсэн байна. Монгол Улс нийт 42 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй, 116 нислэгийн цэг сонгосон, үүнээс 2023 онд нийт 24 улс руу нислэг үйлдэж байгаа юм. Мөн сүүлийн жилүүдэд цар тахал болон валютын ханш, инфляц, үнийн өсөлтөөс шалтгаалан буураад байсан орон нутгийн нислэгүүдийг сэргээн, тийзийн үнийг хоёр дахин буурсан байна.


Чөлөөт агаарын зай” нь нислэгийн үйл ажиллагааны болон эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, агаарын тээврийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад чиглэсэн, агаарын зайн багтаамж, аюулгүй байдлыг сайжруулж, бүс нутгийн харилцан уялдаатай агаарын зай, агаарын замын бүтэц, сүлжээг бий болгох бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг илэрхийлж байна.

相关新闻