Монгол Улсын сайд Б.Тулга боомтын сэргэлтийн бодлогыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-08 17:52:00

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Тээврийн долоо хоног” олон улсын форумд оролцож, боомтын сэргэлтийн бодлогыг танилцууллаа.


Тэрбээр хэлэхдээ  "Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр  боомтуудын хүчин чадал гурав, боомтуудын  төмөр зам болон авто замын сүлжээний хүчин чадал хоёр, идэвхтэй үйл ажиллагаатай агаарын боомтын хүчин чадлыг хоёр дахин тус тус нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.


Боомтуудын зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлснээр эхний үе шат болох 2022-2024 онд нийт экспорт 14 тэрбум ам.долларт, хоёрдугаар үе шат болох 2025-2028 онд нийт экспорт 17 тэрбум ам.долларт, гуравдугаар үе шат болох 2029 оноос нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан.


Түүнчлэн хуурай замын Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар боомтуудыг үе шаттайгаар хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2966 км авто зам барих юм.  Улмаар “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Боомтын тухай хууль болон холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа. Цаашид боомт бие даан хөгжих санхүүжилтийн механизм, хэрэгжүүлэх бүтцийг бий болгоно” хэмээн онцлов.

相关新闻