“Тээврийн долоо хоног” олон улсын форум үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-08 11:56:55

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног” олон улсын форум гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай үйл ажиллагааг нээж үг хэлэв.


Тэрбээр “Эрхэм хүндэт зочид, төлөөлөгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” Олон Улсын Форум анх удаа зохион байгуулж байгаад талархалтай байна. Монгол Улс 2020 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын  Олон улсын тээврийн форумын 62 дахь гишүүн байгууллага болсноос хойш Ази тивийн тээврийн салбарын өндөр түвшний яриа хэлэлцээг эх орондоо хийж байгаад талархалтай байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 100 жил хөгжлийн 10 зорилт”    санаачилгын хүрээнд Монгол Улс Ази Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний  зангилаа болсон “Транзит Монгол Улс” болж цаашдаа даян дэлхийн тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна. Монгоо Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд хөрш болон бүс нутгийн орнуудтайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэр дундаа тээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Дамжин өнгөрөх тээврийн тоог нэмэгдүүлж, хуурай боомтыг байгуулж, боомтуудын холболт, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, Ази Европыг холбосон авто замын тав, төмөр замын гурван коридорыг бий болгоход онцгой анхаарч байна. Эдгээр бүс нутгийн томоохон хэмжээний харилцан ашигтай хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд Монгол Улс та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэе” хэмээн ярив.


Харин Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улс ба бүс нутгийн тээврийн холболт” сэдвээр илтгэл тавьсан бол Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Боомтын сэргэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Тэгвэл “Бүс нутгийн хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж”, “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.


“Тээврийн долоо хоног” олон улсын форум маргааш “Чөлөөт агаарын орон зай”, Олон улсын тээврийн форумын Азийн бүсийн өндөр түвшний 2 дахь удаагийн яриа хэлэлцээрээр үргэлжилнэ.



 

相关新闻