Монгол-Лаосын бизнес уулзалтаар Хүнсний хувьсгалын талаар танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Монгол-Лаосын бизнес форум тус улсын нийслэл Вьентьян хотноо болов.
Форумд БНАЛАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны Бодлого
төлөвлөлтийн газрын дарга Сэнгфаномчоне Интасэнэ Лаос улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хоёр улсын
худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа боломжууд сэдвээр илтгэл тавив.
Монгол Улсын талаас ХХААХҮЯ-ны газрын дарга Э.Анар "Хүнс хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол Улсын бизнесийн орчин сэдвээр, “Хүнсний хувьсгал” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхбилэг Монгол Улсад өрнөж буй хүнсний хувьсгал хөдөлгөөний талаар тус тус илтгэл тавилаа.
Бизнес
форумын үеэр Монголын Үндэсний
худалдаа, аж үйлдвэрийн Танхим, Лаос улсын Худалдаа,
аж үйлдвэрийн Танхим хооронд хамтран ажиллах тухай харилцан
ойлголцлын санамж бичгийг хоёр талын танхимуудын ерөнхийлөгч нар байгуулав.
Монгол-Лаосын бизнес уулзалтаар Худалдааны танхимууд хамтран ажиллахаар боллоо.
Мөн хоёр улсын бизнес эрхлэгчдийн дунд нүүр тулсан В2В, Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний танилцуулах үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Монгол-Лаосын бизнес форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал, Монгол-Лаосын бизнес форумын хүрээнд мөн "Монгол-Лаосын бизнес тур" аялал зохион байгуулж байна. Бизнес аяллаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, МҮХАҮТ-ын дэд дарга Ц.Магнайбаатар нараар ахлуулсан Монголын 70 гаруй бизнес эрхлэгчийн төлөөлөл Лаос улсын хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэрийн салбар үйлдвэрүүдтэй танилцаж байна.