Нийслэлээр дамжихгүйгээр зорчих аймгуудыг холбосон авто зам тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас 2024 оны төсвийн төсөлд тусгаад буй томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг сэтгүүлч нарт танилцууллаа.
Ирэх оны төсвийн нэг
онцлог нь Монгол Улсын Засгийн газраас хариуцсан, гадаадын зээл, тусламжийн
төслүүдийн олон улсын гэрээний үүргийн хүрээнд хүлээж буй санхүүжилтийг төсөвт
тусгасныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Энд жишээ нь, Мянганы сорилын
сангийн хүрээнд барьж буй Ус цэвэршүүлэх үйлдвэрийн санхүүжилт орж буйг хэллээ.
Эрчим хүч, зам тээврийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийнэ.
Үүнд:
- Дорнод аймагт БНХАУ-ын “Экзим банк”-ны зээлээр 50 МВт-ын цахилгаан станцын өргөтгөл баригдаж ашиглалтад орно.
- Аймгуудын дулааны станцууд ирэх онд ашиглалтад орж, 10 аймагт АХБ-ны зээлээр дулааны станц, цахилгаан дамжуулах шугам барина.
- Мөн ирэх онд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт эхэлнэ.
Цаашлаад 2024 онд улсын
төсвийн хөрөнгөөр нийт 1050 төсөл хэрэгжүүлэхээс:
- 552 нь он дамжин шилжиж
хэрэгжих төсөлд 1.5 их наяд төгрөг,
- Шинээр 498 төсөл орж
ирэхээс 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө орно.
Төсвийн хөрөнгө оруулалтыг
салбараар авч үзвэл:
- Боловсролын салбарт нийт
709 тэрбум төгрөг, нийт хөрөнгө оруулалтын 22 хувь,
- Зам, тээврийн салбарт 598
тэрбум төгрөг орж ирэх нь нийт хөрөнгө оруулалтын 18 хувийг тус тус эзэлж
байна.
- Эрүүл мэндийн салбарт 255
тэрбум төгрөг буюу 8 хувь,
- Соёлын салбарт 155 тэрбум
төгрөг буюу 5 хувь,
- Эрчим хүчний салбарт 221
тэрбум төгрөг буюу нийт хөрөнгө оруулалтын 7 хувийг эзлэх нь.
Томоохон хөрөнгө оруулалт,
бүтээн байгуулалтуудыг дурдвал:
- Эс, эр, эрхтэн шилжүүлэн суулгах
төвд 140 тэрбум төгрөг,
- Зүрх судасны Үндэсний төв болон
“Халдвартын үндэсний төв-2”-т 15.6 тэрбум төгрөг,
- Хөдөөгийн алслагдсан 191
багийн харилцаа, холбооны дэд бүтцийг холбох дээр 20 тэрбум төгрөг,
- “Шинэ Хар Хорум” хотыг
байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 30 тэрбум төгрөг тус тус
тусгажээ.
Зам, тээврийн салбарт нийт
96 төсөл хэрэгжүүлэхээс эдийн засгийн чанартай богино эргэлтийн замуудыг тавина.
Ингэснээр таван цагираг бүхий авто зам бий болно. Энд экспортыг дэмжих хилийн
боомтуудыг холбох авто замуудаас гадна аймгуудыг холбосон дэд бүтцийн автозамууд
ч багтаж буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Ирэх онд эхлүүлэх авто
замын төслүүдэд:
- Улаанбаатар хотыг Орхон аймгийн төв Эрдэнэт хоттой шууд холбоно. Ингэснээр Улаанбаатар-Дархан-Эрдэнэт гэсэн тойруу замаар зорчдог байдал шууд холбогдоно.
- Арвайхээр-Мандалговь-Чойр-Чингис хотыг
холбосон автозам тавина. Ингэснээр
орон нутгийнхан нийслэлээр заавал дайрч түгжрэхгүйгээр аймаг хооронд шууд
зорчих боломжтой болно.
Төсвийн төсөлд
тусгасан зарим зүйлийг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржоос тодруулав.
-Сэргээгдэх эрчим хүчний
салбарт өнөөдөр хувийн хэвшил зонхилж буй боловч энэ салбарт болон ногоон
худалдан авалтад төр, засаг ирэх онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орохоор
тооцож байна вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний
асуудал төсөв дээр тусдаггүй. Энэ нь бидний хэрэглэж буй цахилгаан, дулааны
тариф дээр ногоон эрчим хүч гэдгээр тусаж явдаг. Сангийн яамнаас баримталж буй
бодлогын хувьд энэ борлуулж буй үнэ нь зардлаасаа хамаагүй бага, хямд,
алдагдалтай байж татаас авдаг нүүрсний эрчим хүч шиг биш учир сэргээгдэх эрчим
хүч дээр төсвөөс биш, тусад нь тариф гаргаж ирдэг. Гэхдээ энэ нь иргэдийн
төлбөрт дарамт болж буй эсэхийг бол тооцож үзэх асуудал.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх санд
улсын төсвөөс санхүүжилт хийх үү?
-Энэ нь Засгийн газрын
тусгай сан бий болсноос хойш үйл ажиллагаа явуулж буй сан юм. Тус сан нь өнгөрсөн
хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл, тусламж, олон улсын донор
байгууллагуудын дэмжлэгээр санхүүжиж ирсэн. Одоо ч ийм байдлаар санхүүжүүлж
байгаа. Санхүүжилт өндөр дүнтэй байгаа. Тиймээс ирэх онд ЖДҮ-ийн сан зээлийн эргэн
төлөлт болон эргэлтийн хөрөнгөөрөө санхүүжээд явна. Ийм боломжтой болсон. Улсын
төсвөөс цаашид санхүүжүүлэх шаардлагагүй болсон гэсэн үг.
-Гаалийн тоног
төхөөрөмжийн шинэчлэл дээр 80 тэрбум төгрөг нэмэгдэж тусгажээ. Үүнийг
тайлбарлана уу?
-Гаалийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн төсөв ковидын цар тахлаас шалтгаалж бидний төлөвлөж байсан хэмжээгээр хэрэгжиж амжаагүй ирсэн. Энэ нь ухаалаг системийн компьютер суурьлагдаж дуусаагүй байсантай холбоотой. Нөгөө талаар тухайн үед экспортын хязгаарлах хүчин зүйл болж байсан боомтын тоо сүүлийн жилүүдэд Боомтын сэргэлтийн хүрээнд нэмэгдэж бүтээн байгуулалт өрнөж байна.