СЭЛЭНГЭ: Хиагтын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж энэ сарын 20-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагтын районд ажлын айлчлал хийх үеэрээ Хиагтын ерөнхий боловсролын 4 дүгээр
сургуулийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцсан байна.
Тус сургуулийн тухайд инженер, техникийн чиглэлээр
цаашид суралцах сонирхолтой хүүхдүүдийн суурийг тавьж өгдгөөрөө онцлогтой юм. Энэ
ч үүднээс тус сургууль ОХУ-ын онгоцны үйлдвэрүүд болон технологийн их
сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг учраас жил бүр танилцуулах аяллыг
зохион байгуулдаг ажээ.
Мөн
11 дүгээр ангийн хүүхдүүдэд өөрсдийнх нь сонгосон мэргэжлийн дагуу нарийвчилсан
сургалтуудыг явуулдаг байна.
Ахлах
ангийн сурагчдын хувьд бүх хичээлийг
үзэх шаардлагагүй, өөрийн сонгосон салбар мэргэжлээс хамаарч тэр чиглэлд
сургалтыг түлхүү авдгаараа давуу ажээ.
Түүнчлэн
сургуулийн зүгээс бүсийнхээ авьяастай хүүхдүүдийг хөгжүүлэх төвд 7, 14, 21 гэх
мэтчилэн тодорхой цаг хугацаанд хүүхдүүдээ аваачиж илүү дээд түвшний мэдлэг
мэдээлэлтэй болох боломж нөхцөлөөр ханган ажилладаг гэдгээ айлчлалын үеэр танилцуулж байв.
Тус
сургуульд Сэлэнгэ аймгийн хүүхдүүд орос хэл сурах, тухайн улсын соёл, ёс
заншилтай танилцах үүднээс эртнээс суралцаж ирсэн бөгөөд энэ жилийн тухайд 1-12 дугаар ангийн 22 хүүхэд суралцаж байгаа аж.
Сэлэнгэ
аймгийн хүүхдүүд математикийн хичээлдээ сайн, орчиндоо хурдан дасаж байгаа хэмээн
тус сургуулийн багш нар нь аймгийн даргад ярьж байв.
Нэрт
эрдэмтэн Б.Ренчин багшийн суралцаж байсан түүхийн улбаатай тус сургуулийн
сургалтын үйл ажиллагаанд Засаг даргын зүгээс компьютерын дэмжлэг үзүүлж,
цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүслээ.