Оюутан, сурагчдыг суралцах аргаа олоход туслах шинэ ном уншигчдын хүртээл болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Амжилт олсон сурагчид, голч оноогоороо тэргүүлдэг оюутан гээд хэн бүхэнд өөрийн гэсэн суралцах арга, “нууц” гэж бий. Тэгвэл “Та бол суут ухаант суралцагч” номд шилдэг аргуудыг багтаажээ. Энэхүү номд багтаасан аргуудыг ашиглан та ч үр шимийг нь хүртэж болох юм.
Намрын “Номын баяр”-аар уншигчдын хүртээл болсон тус номын зохиогчийг Б.Цэлмэг гэдэг. Тайвань, БНХАУ-д бакалавр, магистрын зэрэгт тэтгэлгийн суралцсан тэрбээр амьдралынхаа ихэнх цагийг суралцахад зарцуулснаас гадна хэрхэн үр дүнтэй суралцах аргад өөрөө суралцан энэхүү номыг сурагч, оюутнуудад зориулан гаргажээ.
Уг номд цаг хугацааг хэрхэн бүрэн дүүрэн ашиглах, өөрийгөө таньж мэдэх, шинэ боломжийг нээх тухай өгүүлэхээс гадна монгол болон гадаад сурагчдын амжилт олохдоо туулсан бодит жишээ, арга барилыг шингээснээрээ онцлогтой.
Номын зохиогч Б.Цэлмэг ярихдаа “Сурагч, оюутан бүр онцгой, өөрийн сурах арга барилтай. Гэвч ихэнх сургууль нэг л хэвшсэн аргаараа заасаар байдаг. Тэр аргад нийцэж сурч чадаагүй сурагчдыг муу сурагч гэдэг. Харин тэр арга тохирсон ганц нэг л оюутан, ангийн онц сурлагатан гэгддэг нь харамсалтай. Уг нь хүн бүр өөрийн сурах аргаа олбол хүссэн гадаад хэл, хүссэн хичээлээ төвөггүй сурах маш их боломжтой юм шүү дээ” гэв.