ДОРНОД: “Нутгийн ирээдүй” төсөлд хамрагдсан залуус эхнээсээ ажлын талбарт гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2023 оны 10 дугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцах оюутнуудыг 2019 оноос эхлэн "Нутгийн ирээдүй" төсөлд хамруулж, орон нутгаас сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж байгаа. Төсөлд хамрагдсан оюутнууд эхнээсээ ажлын талбарт гарчээ.
Тухайлбал, Б.Бурмаа МУИС-ийн Дорнод аймаг дахь
сургуульд суралцаж төгсөөд Дашбалбар сумын ЕБС-д бага ангийн багшаар ажиллаж
байна. Тус сумаас л гэхэд “Нутгийн ирээдүй” төсөлд газар зохион
байгуулалт, шүдний их эмч, бага ангийн багш мэргэжлээр боловсон
хүчин бэлтгэх захиалга өгснөөс ийнхүү эхнээсээ сумандаа ажиллаж эхэлжээ.
Одоогоор дээрх мэргэжлүүдээр гурван оюутан суралцаж байна.
Харин Цагаан-Овоо сумын захиалгаар энэ онд “Этүгэн” Их сургуулийг шүдний их эмч мэргэжлээр төгссөн М.Одгэрэл хэдүйн ажлын дөрөө олжээ. Түүний хувьд Цагаан-Овоо сум байгуулагдсанаас хойших 90 жилийн хугацаанд бэлтгэгдсэн анхны шүдний эмч юм.
М.Одгэрэл эмч сумынхаа нэгдүгээр ангийн 70
хүүхдэд үзлэг хийхэд 80 орчим хувь нь шүд, амны хөндийн өвчлөлтэй байжээ. Мөн тун
удахгүй зөөврийн аппаратаараа
хөдөөгийн малчиддаа үзлэг хийхээр төлөвлөж байгаа гэв.
Цагаан-Овоо сумаас "Нутгийн
ирээдүй" төслөөр сэтгэлзүйч, орос, англи хэлний багш, биологи эрүүл мэндийн багш
мэргэжлээр оюутнууд суралцаж байна.
Хөлөнбуйр сумын захиалгаар ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр
төгссөн Г.Галмандах сумандаа ажиллаж, мал амьтны өвчлөл, гэмтэл, саатлыг оношилж,
сэргийлэх, эмчлэх үүргээ биелүүлж эхэлжээ.
Мөн 2020 онд төгссөн хүний их эмч Э.Төрбаатар, 2021 онд төгссөн
бага ангийн багш Д.Наранцэцэг нар эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна.
Тус сумаас "Нутгийн ирээдүй" төслөөр хүний их эмч, газар зохион байгуулалт, технологийн багш мэргэжлээр оюутнууд суралцаж байгаа юм.
Ийнхүү орон нутагт, тэр дундаа сумдад
дутагдалтай байдаг мэргэжилтнүүдийг Дорнод аймаг өөрсдийн нөөц бололцоогоор
бэлтгэж, эхнээсээ ажлын талбарт гарч буй нь энэ.
Ноднин жилийн байдлаар 126 оюутан “Нутгийн ирээдүй” төсөлд хамрагдсанаас 35 нь төгсөж, орон нутагтаа тогтвортой ажиллаж байгаа юм.
Энэ намар л гэхэд хүний их эмч дөрөв,
сувилагч гурав, нүүр ам судлалаар нэг, зүү төөнүүр заслын их эмчээр нэг,
багшаар хоёр, малын их эмчээр нэг, газар зохион байгуулагчаар хоёр, сэтгэл
судлаачаар хоёр гэхчлэн суралцаж байна.
Аймгаас нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа хоёроос доошгүй жил, хоёр жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа гурваас доошгүй жил, гурав ба түүнээс дээш жил сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахаар хариуцлагын гэрээнд тусгажээ.
Хөдөөгийн сумдад багш, хүний их эмч, шүдний эмч, сувилагч,
тархвар судлаач, агрономич, геологи, геодезийн инженер, малын эмч, байгаль
хамгаалагч, газар зохион байгуулагч, ус хангамж, ариутгах татуурга, дулааны
инженер зэрэг мэргэжил нэн шаардлагатай байдаг.