ДУНДГОВЬ: Ноён Ч.Лхамсүрэнгийн эхнэр Г.Нацаг-Юмийн хэрэглэж байсан толь маш нарийн хийцтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Угсаа залгамжилсан хошууны ноён Ч.Лхамсүрэнгийн эхнэр Говоогийн Нацаг-Юмийн хэрэглэж байсан маш нарийн хийцтэй гоёмсог толь Сайнцагаан сумын иргэн, Монгол Улсын гавьяат багш З.Цэвээнравданд хадгалагдаж байна.
Энэхүү толь нь гуулин
тоногтой, гурван тал хайрцаг болон нээгддэг, шувуу зэрэг амьтны зурагтай, дотор
талдаа хятад хэлээрх үлгэр, түүхийн бичигтэй, нэлээд эртний эдлэл байх магадлалтайг гавьяат
багш З.Цэвээнравдан онцолсон.
Ч.Лхамсүрэн нь Богд хаант Монгол Улсын Сангийн яамны анхны сайд, Түшээтхан, Чин ван Гааданбалын Чагдаржавын бага хүү бөгөөд угсаа залгамжилсан хошууны ноён байж байгаад хэлмэгджээ. Лхамсүрэн ноён одоогийн Сайхан-Овоо сумаас Г.Нацаг-Юм гэх эмэгтэйг гэргий болгон авч, Дуламсүрэн, Баатархүү гэсэн 2 охинтой байжээ.
Уг толийг хадгалагч З.Цэвээнравдан хуучлахдаа “Намайг оюутан байхад манайх Дуламсүрэнгийнхтэй айл хөрш байсан. Миний хойд аав Арьяабал гэж лам хүн (Аяа өвгөн гэж цээрлэдэг) Нацаг-Юм хатантай ер нь сайн танил, найз нөхөд байсан шиг байгаа юм. Тэр үед Дуламсүрэнгийнд байсан уг толийг Нацаг-Юм хатны хэрэглэж байсан эд гэдгийг мэдээд Аяа маань гуйж, 1963 онд худалдаж авсан. Түүнээс хойш надад хадгалагдаж байна" гэлээ.