МОНЦАМЭ агентлаг “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдаан зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монголын нийт гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд “Монголын нэг өдөр” сэдэвт гэрэл зургийн нэг өдрийн хугацаатай уралдаан зарлалаа.
Монгол Улсад гэрэл зураг үүсэж хөгжсөний 88 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Анх удаа зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн үеэр зөвхөн үзэж сонирхох гэхээсээ илүүтэй гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдод зориулсан сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, чөлөөт ярилцлага зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм.
Үзэсгэлэнгийн энэ өдрийг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит өдөр болгож буйгаараа онцлогтой. Энэ үеэр МОНЦАМЭ агентлаг Монголын нийт гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд “Монголын нэг өдөр” гэрэл зургийн нэг өдрийн хугацаатай уралдаан зарлаж байгаагаа тус агентлагийн дарга Э.Содонтогос мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ, “Өнөөдөр тархиараа, нүдээрээ, зүрхээрээ ид шидийг бүтээгчдийн баяр болж байна. Ажил мэргэжил бүхэн сайхан гэж ярьдаг. Хувь хүнийхээ хувьд, гэрэл зурагчин, хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурчийг хамгийн сайхан мэргэжилтэй гэж боддог. Гэрэл зурагчдын тухай “Үг мөхөсдсөн цагт би гэрэл зураг авдаг. Гэрэл зургийн хүч мөхөсдсөн цагт би үүрд дуугаа хураана” гэж зохиолчдын хэлсэн ишлэл сэтгэлд байдаг. Тиймээс гэрэл зурагчид ухааныг тээж, түгээж явдаг гэж боддог. Мөн “Хүний зургийг өнгөтөөр авах юм бол хувцасны өнгө тодорно. Харин хар, цагаанаар авах юм бол сэтгэлийн өнгө тодорно” гэж хэлсэн нь бий. Тиймээс би одоо хүртэл өнгөт зургаас илүү хар, цагаанаар авсан зургийг үзэж таашаал, тайтгарал, ухаарлыг хайдаг. Гэрэл зурагчид та бүхэн аз жаргалтай байж та бүхний нүдэнд хорвоогийн энэ бүх өнгө харагдана. Гэрэл зурагчдын нүд гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан, соргог, үнэнч мэлмий байдаг гэж боддог.
Монголын гэрэл зургийн түүхэн замналыг бий болгоход МОНЦАМЭ түүчээ байж ирсэн. Дэлхийд Монголыг сурталчлахад гэрэл зурагчдын үүрэг маш өндөр хэвээр байгаа. Тиймээс МОНЦАМЭ агентлаг гэрэл зургийн энэхүү уралдааныг зарлаж байна” хэмээгээд "Монголын нэг өдөр"-ийг олон янзаар гэрэл зургийн дурандаа буулгахыг нийт гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдодоо уриалж, уралдаанд идэвхтэй оролцохыг урилаа.
Монгол Улсад гэрэл зургийн салбар, гэрэл зургийн сэтгүүл зүй албан ёсоор үүссэнээс хойш удахгүй 90 жилтэйгээ золгох гэж байна. Үүний сүүлийн 60 гаруй жилд нь МОНЦАМЭ агентлаг энэ салбарт тодорхой үүрэгтэй байж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гэрэл зургаар хангах, улсын гэрэл зургийн архивыг бүрдүүлэх, гэрэл зургийн мэдээллээр дамжуулан Монгол Улсаа гадаадад сурталчлах ажлыг хийж ирсэн түүхтэй. Энэ агуулгаараа гэрэл зургийн салбарын түүх, хөгжил ярихаар МОНЦАМЭ агентлаг заавал дурсагддаг, Монголын үе үеийн шилдэг сайн гэрэл зурагчид МОНЦАМЭ агентлагтай ажил, амьдралаа холбосон байдаг билээ. Нэрт гэрэл зурагчин Б.Ульятайхүү, Р.Гомбожав, Ц.Нина, Д.Самдан, Б.Сүхээ, Л.Санжмятав, С.Батсүх, Д.Цэрэннадмид, Т.Батжаргал, Д.Рэнцэндорж, С.Цацралт, Р.Энхбат, Ц.Батзориг, Т.Чимгээ зэрэг өмнөх үеийн болон одоо ч салбартаа манлайлж яваа олон гэрэл зурагчин МОНЦАМЭ агентлаг, МОНЦАМЭ-гийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газарт ажиллаж байв. Зарим нь одоо ч ажиллаж байгаа юм.
Түүх сөхөхөд, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1957 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 260 тоот тогтоолоор МОНЦАМЭ агентлагийг шинээр сэргээн байгуулсан. Энэхүү тогтоолын 7 дугаар зүйлд “БНМАУ-ын хэвлэлийг гэрэл зургаар хангаж, гадаадад гэрэл зургийн мэдээлэл гаргаж байхын тул МОНЦАМЭ-гийн дэргэд гэрэл зургийн мэдээний газрыг байгуулсугай. Энэ зорилгоор БНМАУ-ын Соёлын яамны харьяа гэрэл зургийн студийг 10 дугаар сарын 1-нээс бүх тоног, орон тооны хүмүүс, хэрэглэлийн нь хамт МОНЦАМЭ-д шилжүүлсүгэй” хэмээн тусгаж өгчээ. Энэ тогтоолоос 1935 онд албан ёсоор үүссэн гэрэл зургийн салбарын гол нэгж 1957 оныг хүртэл Соёлын яам зэрэг байгууллагын дэргэд ажиллаж байсан нь харагддаг. Соёлын яамны харьяанд байсан гэрэл зургийн энэхүү студийг 1957 онд МОНЦАМЭ агентлагт шилжүүлж, гэрэл зургийн мэдээний газар байгуулах ажил эхэлсэн байна. Улмаар энэхүү гэрэл зургийн мэдээний газрыг 1967 онд МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн Ерөнхий редакц болон өргөжүүлжээ. Үүнээс хойш 1970-аад оны сүүлээр Соёлын яаманд харьяалагдаж байсан бусад гэрэл зурагчид болон МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Гэрэл зургийн Ерөнхий редакцийг нийлүүлж, Улсын гэрэл зургийн газар болгож зохион байгуулсан байгаа юм. Улсын гэрэл зургийн газар нь 1990-ээд оны сүүлчээр хувьчлагдах хүртлээ МОНЦАМЭ ангентлагийн дэргэдэх байгууллага байв.
МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газар Монголын нийгэм, хэвлэл мэдээлэл, гэрэл зургийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан байгууллага. Тухайлбал,
- Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дотроо сонин, сэтгүүлүүдийг 1990-ээд оныг хүртэл үйл явдлын болон уран сайхны гэрэл зургаар хангадаг гол нэгж байв.
- Монголын үндэсний архив дахь гэрэл зургийн архивыг бүрдүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн юм.
- Монгол Улсыг гэрэл зургаар дамжуулан дотоод, гадаадад сурталчлах үндсэн бааз суурь болж байлаа. “Монгол Улс”, “Социалис монгол орон” тэргүүтэй олон хэлээрх цуврал альбом, “Монголын хүүхдүүд”, “Оддын ахан дүүс”, “Монгол ардын арми” зэрэг 1970, 1980-аад онд гарсан гэрэл зургийн томоохон цомгууд нь бүгд МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх Улсын гэрэл зургийн газрын бүтээгдэхүүн юм.
Өнөөдөр ч МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчид хэвлэл мэдээлэл, гэрэл зургийн салбартаа нэр хүндтэй, Монгол Улсыг дотоод, гадаадад гэрэл зургаар дамжуулан сурталчлах ажлаа хийж байна. Өнөөдрийн арга хэмжээ дээр МОНЦАМЭ агентлагийн үе үеийн гэрэл зурагчдын уран бүтээлээс үзэх боломжтой юм. Мөн МОНЦАМЭ агентлаг үйл ажиллагаагаа давхар сурталчилж, эрхлэн гаргадаг сонин, сэтгүүл, хэвлэмэл бүтээгдэхүүнүүд, видео танилцуулгыг олон нийтэд хүргэж байна.
“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 88 жилийн ой, Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа “ULAANBAATAR PHOTO WEEK-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнгийн хүрээнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нэг өдрийн дотор авсан гэрэл зургийн уралдаан зарлаж байна.
Сэдэв:
“Монголын нэг өдөр”.
Хамрах хүрээ:
Үндэсний хэмжээнд, гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцож болно.
Шалгаруулалт:
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг МОНЦАМЭ агентлаг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран шалгаруулна.
Бүтээлд тавих шаардлага:
- Уралдааны нэр агуулгад нийцсэн байх; /1 өдрийн дотор авсан байх/
- Зурагт нэр өгч, тайлбарыг товч, тодорхой бичсэн байх;
- Оролцогч 2-оос илүүгүй зургаар оролцох; хэмжээ хамаарахгүй;
- Бүтээл нь архи, тамхи, садар самуун сурталчилсан утга агуулгагүй байх;
- Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх хэрэв зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй;
- Хувь хүний нэр хүнд, хувийн нууцтай холбоотой хууль зөрчсөн бүтээлийг хүлээн авахгүй.
Бүтээл хүлээж авах хугацаа: 2023 оны 10-р сарын 12-ны 12.00 цагаас 10-р сарын 13-ны 18.00 цаг хүртэл.
Гэрэл зургийг PhotoWeek2023@gmail.com хаягаар илгээнэ.
/Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ашгийн журмаар ашиглахыг хориглоно. Зөвхөн оролцогчийн зөвшөөрлийн дагуу ашиглана./
Бүтээлийг шалгаруулах: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг дараах байдлаар шалгаруулж байр эзлүүлнэ.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас зохион байгуулж буй “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдааны шагнал
I байр: Эрхийн бичиг
- “Mongolia Today” сэтгүүлийн 2023 оны 4-р улирлын дугаарын хавтас /cover/-т тухайн гэрэл зурагчны шилдэг бүтээлийг байршуулах эрх,
- Сайт болон “Mongolia Today” сэтгүүлд ярилцлага нийтлэх эрх,
- МОНЦАМЭ агентлагийн 7 хоног тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Монгол мессенжер”, “Мэнгу шяошибао”, “Монгорү Цүүшин” сонинуудаас аль нэгийг бүтэн жилээр захиалан унших эрх,
II байр: Эрхийн бичиг
- Сайтад гэрэл зургийн уралдаанд шалгарсан уран бүтээлчийн видео ярилцлагыг тавих эрх,
- МОНЦАМЭ агентлагийн 7 хоног тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Монгол мессенжер”, “Мэнгу шяошибао”, “Монгорү Цүүшин” сонинуудаас аль нэгийг бүтэн жилээр захиалан унших эрх,
III байр: Эрхийн бичиг
- Сайт дээр ярилцлага нийтлэх эрх,
- МОНЦАМЭ агентлагийн 7 хоног тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Монгол мессенжер”, “Мэнгу шяошибао”, “Монгорү Цүүшин” сонинуудаас аль нэгийг бүтэн жилээр захиалан унших эрх,
Тусгай байр: Эрхийн бичиг
- МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Монгол мессенжер”, “Мэнгу шяошибао”, “Монгорү Цүүшин” сонинуудаас аль нэгийг бүтэн жилээр захиалан унших эрх.