ТӨВ: “Өв соёлын төв өргөө” цогцолборыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-07-27 07:47:51

Зуунмод /МОНЦАМЭ/. Богдхан уулын аймаг буюу Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Өв соёлын төв өргөө” цогцолборыг барьж байгуулан 7 дугаар сарын 26-нд  нээлээ.

 

Уг өргөөг аймаг, сумдын нутгийн удирдлагын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, компаниудын оролцоотой байгуулжээ.

 

“Өв соёлын төв өргөө” цогцолбор нь нэг том гэр, 27 сумын гэрээс бүрдэж байгаа бөгөөд Монголын уламжлалт хүрээ хотын дүр төрхтэй төлөвлөгдсөн, томоохон бүтээн байгуулалт болж байна.

 

Сумдын гэр тус бүр тухайн сумынхаа онцлог, өв соёлын түүхийг сурталчлан таниулахаас гадна улсын хэмжээний соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нээж үг хэлэхдээ, Төв аймаг цаашдын хөгжлийн чиглэлээ тодорхойлж “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, “Аялал жуулчлалын стратеги төлөвлөлт” гэсэн хоёр томоохон төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Аялал жуулчлалын стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэхэд “Өв соёлын төв өргөө цогцолбор” томоохон үүрэгтэй.

 

Уг бүтээн байгуулалт нь Төв аймгийн бусдаас ялгарах онцлог, давтагдашгүй өв соёл, зан заншил, нөөц боломжийн илэрхийлэл болно.

 

Мөн үндэсний хэв шинжит танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой, үүнийг дагаад ирээдүй хойч болсон хүүхэд, залуучуудад мэдлэг нэмж, гадаад, дотоодын аялагч, жуулчдыг татах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа” гэв.

相关新闻