Ц.Мөнх-Оргил: Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд анхаарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭГадаад харилцааны яамнаас өнөөдөр сар бүр тогтмол зохион байгуулж байх "Мэдээллийн цаг" уулзалтаа хийлээ.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил уулзалтын эхэнд хэлэхдээ "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-аас баталсан. Энэхүү хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлд хийх нийт 13 асуудал тусгагдсан. Монгол Улс дэлхийн 186 улстай дипломат харилцаатай. Тус яам дипломат харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлж ажиллахаар болж байна" хэмээн онцлов.
Тэрбээр цааш ярихдаа, "ГХЯ-наас монголын бизнес эрхлэгчдэд нэг ч болов түнш олж өгөх, нэг ч гэсэн худалдааны гэрээг нь хөнгөвчилж өгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар арга зам байгааг олж харж ажиллах үүргийг Дипломат төлөөлөгчийн газарт өгсөн. Ажлыг нь үүгээр дүгнэнэ.
Хоёрдугаарт Монгол Улсыг гадаадад сурталчлах, эх орныхоо давтагдашгүй соёлын өвийг соёлын элч төлөөлөгчөөр дамжуулан хилийн чанадад монгол орноо сурталчлах ажилд онцгой анхаарах үүрэг даалгаврыг УИХ, Засгийн газраас өгсөн.
Гуравдугаарт, гадаадад ажиллаж амьдарч байгаа 130 гаруй мянган монгол иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал хөндөгдөж байгаа юм. Монгол хүн бүр монгол төрийн хайр ивээлийг хүртдэг нөхцөл бололцоог бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Эдгээр асуудлыг тусгасан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарна. Энэхүү төлөвлөгөөний дагуу бид ажлаа зохион байгуулна. Ажил нэлээд эрчимтэй эхэлж байна.
Юуны өмнө хоёр их хөрштэйгээ иж бүрэн стратегийн болон иж бүрэн түншлэлийнхээ харилцаагаа хөгжүүлэх, мөн найрсаг харилцаагаа бүх салбарт хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёлын харилцаагаа хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч ажиллана. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад иргэдийн итгэлийг сэргээх тал дээр ч ажиллана. Энэ чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг УИХ болон Засгийн газарт танилцуулах болно” гэв.
Салбарын сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа тус яамны хэлтэс албадын дарга нараас хариулт авснаар өнөөдрийн уулзалт өндөрлөв.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ