АНУ ЮНЕСКО-д эргэн нэгдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Axios/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-д эргэн нэгдэх төлөвлөгөөтэй байгаагаа АНУ тус байгууллагад мэдэгджээ. Энэ талаар Төрийн департаментын төлөөлөгч “Axios” цахим хэвлэлд мэдээлжээ.
АНУ-ын эрх баригчид 2011 онд Палестиныг эгнээндээ элсүүлсэнтэй нь холбогдуулан тус байгууллагыг санхүүжүүлэхээс татгалзаж, 2018 онд Израилын эсрэг бодлого явуулж байна хэмээн буруутган ЮНЕСКО-гоос гарсан юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын удирдлага, нөөцийн асуудал эрхэлсэн орлогч Ричард Верма эргэн нэгдэх төлөвлөгөөгөө ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулед энэ сарын 8-нд илгээсэн гэж “Axios” бичжээ. Тус хэвлэлийн мэдээлснээр, энэхүү төлөвлөгөө нь талуудын урт удаан хэлэлцээний үр дүнд юм. Ерөнхийлөгч Жо Байден ЮНЕСКО-д “Хятадын нөлөө өсөн нэмэгдэж буйг” ийнхүү сөрөхийг оролдож байна гэж сэтгүүлчид үзэж байна.