Фашистын хорих лагерийн 100 настай харгалзагчийн хэргийг прокурорт шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-24 11:20:55

БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /DW/. Хемер дэх Зөвлөлтийн цэргийн олзлогдогсдын бөөнөөр хорих лагерьт харгалзагчаар ажиллаж байсан, өдгөө 100 настай этгээдийг мөрдөн шалгаж байгааг Германы хууль сахиулах байгууллагууд мэдээлжээ.


Фашистуудын гэмт хэргүүдийг мөрдөн шалгах төвийн орлогч дарга Михаэль Оттегийн хэлснээр, урьдчилсан мөрдөн байцаалт дуусаж, хэргийг Дортмундын прокурорт шилжүүлжээ. Прокурор Андреас Бренделийн ярьснаар, харгалзагч асан этгээдийг 1943-1944 онд Хемер хот дахь Stammlager гэдэг бөөнөөр хорих лагерьт ажиллаж байхдаа аллага үйлдсэн хэмээн буруутгажээ.


Харин Quickborner Tageblatt сонинд бичсэнээр, энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх эсэх нь эргэлзээтэй байна. Хэргийг хэлэлцэхийн тулд прокурорын газар хангалттай хэмжээний нотлох баримтуудыг цуглуулах ёстойгоос гадна сэжигтэн этгээд хэрэг хариуцах чадвартай эсэх, шүүх хурал хүртэл амьд сэрүүн байх эсэх нь тодорхойгүй байна.


Хемер хот дахь Stalag VI A бөөнөөр хорих лагерь 1939 онд байгуулагдсан бөгөөд 1942 оны намар Зөвлөлтийн олзлогдсон цэргүүдийг хорих лагерь болгон өөрчилсөн байна. Лагерийн нөхцөл аймшигтай байсан бөгөөд хоол хүнсний хомсдол, халдварт өвчин, уурхайн хүнд хүчир ажил зэргээс үүдэн 24 мянган хүн амиа алджээ. Уг лагерийг 1945 оны дөрөвдүгээр сард Америкийн цэргүүд чөлөөлсөн байна.  


Quickborner Tageblatt сонинд бичсэнээр, фашизмын үеийн гэмт хэргүүдийг шалгах ажил Германд дуусах тун дөхөж байгаа ажээ. "Штутгофф" бөөнөөр хорих лагерьт нарийн бичгийн даргын ажил эрхэлж байсан, 97 настай Ирмгард Фурхнер-д 2022 оны сүүлчээр ял оноосон нь Германы нацистуудын хамсаатнуудын хувьд сүүлчийн шийтгэл байсан гэж  сэтгүүлчид үзэж байна.


Гурван жилийн өмнө Германд нацистуудын хамсаатан гэгдэх 96-101 настай этгээдүүдэд хамаарах долоон хэргийг шалгажээ. Гэвч яллагдагчид нас барсан, хэрэг хүлээх чадваргүй, нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар эдгээр бүх хэргийг хаасан байна.  

相关新闻