Дархан аварга А.Сүхбат 23 жилийн дараа дэвжээнд гарч, түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, “Скопье-2018” мастеруудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд болж өндөрлөлөө.
Зургаа дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ,
Казахстан, Швед гэсэн 5 орны 165 тамирчин тэмцээнд “А” 35-40 нас, “В” 41-45 нас,
“C” 46-50 нас, “D” 51-55 нас, “E” 56-60 нас гэсэн таван насны ангилалд 55-62,
70, 78, 88, 100, 100-130 кг гэсэн тус бүр 6 жингийн ангилалд өрсөлдсөн юм.
Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд
амжилттай оролцсон тамирчид аравдугаар сарын 17-22-нд Грекийн Лоутраки хотод
болох мастеруудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.
Тэмцээний сонирхолтой нэг сюрприз бол дархан аварга А.Сүхбат чөлөөт бөхийн
дэвжээнд 23 жилийн дараа гарч, мастеруудын УАШТ-ий 51-55 насны D ангиллын
100 кг-ын жинд гурав ялж, түрүүлсэн явдал байв.
Ердөө сар гаруйн
өмнөөс Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах
болсон түүний хувьд хамгийн сүүлд 2000 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 97 кг-ын
жинд аваргын төлөө ОУХМ Г.Ганхуягтай барилдаж ялснаар тав дахь түрүүгээ хүртэж
байсан юм.
Түүнээс хойш дэвжээн дээр зодоглоогүй А.Сүхбатын хувьд энэ удаагийн мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд түрүүлсэн нь нэг талаасаа тамирчны чансааг харуулж буй үзүүлэлт мэт боловч нөгөө талаасаа чөлөөт бөхийн спорт ямар байдалд хүрснийг ямар нэг тайлбаргүйгээр хэлээд өгч байгаа хэрэг юм.