МҮОХ-ноос нэр бүхий эрхмүүдийг “Алтан од” одонгоор шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-20 15:32:41

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” шагнал гардуулах ёслол өнөөдөр болов. 


Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар биеийн тамир, спортыг хөгжүүлэх, олимпын хөдөлгөөнийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан  тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүдийг одонгоор шагнах шийдвэр гарсан билээ.


Уг шагналын эзнээр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дөрөв дэх ерөнхийлөгч, спорт, олимпизмын зүтгэлтэн Ч.Отгонбаатарыг шагнасныг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардууллаа. Ч.Отгонбаатарын хувьд өвөл, зуны 12 олимп, Азийн өвөл, зуны 13 наадмыг сурвалжлан ажиллаж, спортын сэтгүүл зүйг Монгол Улсад хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлэн билээ. Түүнчлэн орчин үеийн таван төрөлт спортыг эх орондоо хөгжүүлж байгаа юм.


Үүнээс гадна өнгөрсөн зургаадугаар сард эх орондоо болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Монголын спорт сонирхогчдыг баярлуулсан эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан хүзүүндээ “Алтан од” одон зүүлээ. Мөн волейболын спортын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ болон дээд лигийн “Дархан Могулс” багийн дасгалжуулагч Б.Хэрлэнг энэхүү шагналаар шагнажээ.














相关新闻