СЭЛЭНГЭ: Тужийн нарсанд 10 жилийн хугацаанд 10.130.000 ширхэг мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-30 18:54:52

Сүхбаатар/МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор холбогдох газрын дарга нарын хамт ирэх сарын 5-нд Сэлэнгэ аймагт дахин ажиллана.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд М.Ганбаатар, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар бямба гарагт Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Тэд энэ үеэрээ аймгийн БОАЖГ, Цаг уур орчны шинжилгээний газар, Хараагийн бүсийн сум дундын Ойн анги, Сэлэнгэ бүсийн сум дундын Ойн анги, Тужийн нарсны УТХГ-ын хамгаалалтын захиргаа болон Сав газрын захиргааны төлөөлөлтэй уулзсан юм.


Уулзалтын хүрээнд салбарын тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлж буй ажлын тухай санал солилцож, зарим үүрэг чиглэлийг өгөв.

Тодруулбал, Тужийн нарсны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтай танилцахдаа:

-Тужийн нарсан ойг болзошгүй түймрээс урьдчилан сэргийлэх;

-Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбоотой хэрэгжилтэд анхаарах;

-Байгаль хамгаалагчдын техник, хэрэгслийн дутагдал асуудлыг шийдэх;

-Тусгай хамгаалалттай газар нутаг дах аялал жуулчлалын бүсэд ариун цэврийн байгууламжтай байх чиглэлд үүрэг өгсөн юм.

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрладаг домогт Тужийн нарсан цогцолбор ой нь гурван удаагийн их түймэр, хүмүүний зохисгүй үйл ажиллагаанд өртөн далаад хувь нь сүйрэл мөхөлд өртсөн цаг саяхан. Тус аймагт төдийгүй Монгол орны ойн санд өвөрмөц тогтоц, бахархал болж, элсэрхэг хөрснөө 46.5 мянган га талбайг эзлэн оршдог энэхүү нарсан ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг 2003-2014 оны хооронд 10 жилийн хугацаанд гардан зохион байгуулж 3250 га газарт 10.130.000 ширхэг нарс модыг тарьж ургуулсан юм.

 

Мөн уулзалтын үеэр ойн анги үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн байргүй байгаа тухай, Цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны урсгал зардал хасагдсаныг дахин авч хэлэлцэх, байгаль хамгаалагчдын техник, хэрэгслийн дутагдал, салбарын хяналтын улсын байцаагч нарт сургалт хийх, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын бүсэд ариун цэврийн байгууламж барих гэх мэт хөндөгдсөн асуудал бүрд салбарын сайд хариулт өглөө.

 

Тухайлбал, улсын байцаагч нарт шүүх, прокурорын байгууллагатай хамтарсан сургалт хийх үүргийг БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтоход, Ойн ангийн байрны асуудлыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т уламжилж, шийдвэрлэхийг Ойн газрын дарга Б.Оюунсанаад, Тусгай хамгаалалттай газар нутагт ариун цэврийн байгууламжийн стандартыг мөрдүүлж ажиллахыг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од нарт үүрэг болгов.

Түүнчлэн аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын бодит зардлын асуудлыг судлан үзэх, байгаль хамгаалагчдад бартаат зам туулах чадвартай дөрвөн дугуйт болон мотоциклийн асуудал хэлэлцээрийн түвшинд явж буй талаар мэдээлэв.

 

Мөн Цаг уур, орчны шинжилгээний албан хаагчдыг гаднын улс оронд туршлага солилцох асуудлыг судлуулах чиглэл өгч, хэд хэдэн олон улсын байгууллагад хүсэлт өгсөн тухайгаа хэллээ.

 

相关新闻