СЭЛЭНГЭ: Мандал сум малын хөлийн татвараас өвсний фонд байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-10 16:01:25

Мандал /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум энэ сарын 8-ны бямба гарагт "Эрүүл мал-Эрдэнэ" уриан дор малчдын зөвлөгөөн зохион байгууллаа.


Мандал сумын хувьд шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд мал болон мал бүхий иргэдийн тоо өсөх, бэлчээрийн даац хэтрэх, түүнчлэн малын өвчин гарах нь нэмэгджээ.


Иймд тус сумын удирдлагын багаас тодорхой бодлого баримталж, Мандал суманд эрүүл мал өсгөж, эрчимжүүлэх замаар фермерийн аж ахуй руу шилжүүлэх. Цаашлаад өөр аймаг сумаас малтай өрхийг хүлээн авахгүй байх зэрэг уриалгыг дэвшүүлэн энэ удаагийн зөвлөгөөнөө зохион байгууллаа.


Тус зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, албаны дарга Х.Цэнгэлсайхан, Мандал сумын ИТХ-ын дарга Н.Эрдэнэцэцэг, Засаг дарга А.Дашзэвэг, сумын ЗДТГ-ын дарга Д.Лувсандагва нар оролцлоо. Мөн нийт 300 гаруй малчин оролцож, төр Засгийн бодлого шийдвэр, түүнтэй уялдуулан аймаг, сумаас авч хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээний талаарх мэдээлэл сонслоо. Мөн эрдэмтэн багш нарын судалгаа баримтад тулгуурласан сонирхолтой, амьдралд хэрэгцээтэй мэдээллийг сонсож, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцлээ.


Зөвлөгөөний үеэр Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Танай сумын хувьд гаднаас малтай өрх нэмж оруулахгүй гэдгээ зарлалаа. Хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?

-Ерөнхийдөө энэ хавраас эхэлж захирамж гаргана. Эхлээд бид өөрийн малчдадаа гаднаас хамаатан садан, таньдаг мэддэг гэх хүмүүсийг авч ирэхгүй байх сурталчилгааг хүргүүлнэ. Эндээс эхэлнэ.

Манай сум орон нутгийн хувьд бэлчээрийн даац 7 дахин хэтэрсэн, 122 мянган толгой малтай байгаа. Мандал сум малын өвчлөлгүй сум болох, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьсан. Иймээс гаднаас нэмж малтай өрхийг хүлээн авах ямар ч боломжгүй гэдгээ энэ зөвлөгөөний хүрээнд малчдад маш сайн анхааруулан тайлбарлалаа.

Энэ талаар Иргэний Улсын бүртгэл, багийн дарга, ХАА-н тасагтай хамтарч ажиллаад, цаг үеийн үйл явцтай уялдуулаад мэдээллийг шийдэж явах болно. Иймээс дээрх байгууллага, хүмүүст тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн.


-2023 онд малчдад чиглэсэн ямар ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-Манай сумын зүгээс малчдаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд тогтмол хамруулдаг. Хүн, мал хоёулаа эрүүл байж цаашид хөгжил ярина. Мөн малчдыг нийгмийн даатгал, малчны зээлд хамруулах ажлыг маш сайн зохион байгуулж байгаа. Бид малын хөлийн татварыг эргээд малчдыг дэмжих ажилд зарцуулдаг.

Тухайлбал, 2023 онд Тарни 8 дугаар багт малаа эрүүл байлгах үүднээс зөөврийн угаалгын банн, 4, 5 дугаар багт 70 сая төгрөгийн өртөгтэй 2 худаг гаргах асуудлыг шийдвэрлэсэн.

Мөн малын хөлийн татвараас өвсний фондыг бий болгоно. Одоо бид өвсний фондыг бүрдүүлэхээр 35 сая төгрөгөөр тендер зарлана. Өмнө бид өвсний фондоо иргэдээсээ бий болгож байсан. Цаашдаа иргэдээсээ нэг ч боодол өвс авахгүй. Малын хөлийн татвараасаа малчдад өөрсдөд нь зориулан бүрдүүлнэ.


-Мандал сум эрчимжсэн мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа гэж та илтгэлдээ дурдсан. Энэ талаар?

-Бид бүхний цаашдын зорилго бол эрчимжсэн МАА-г хөгжүүлэх, тэр дундаа сүүний чиглэлийн үхрийг өсгөх. Манай малын 36 хувийг үхэр эзэлж байгаа. Шинэ сэргэлтийн бодлого дотор хөдөөгийн сэргэлтийн бодлого гэж байгаа. Сэлэнгэ аймаг өөрөө хөдөө аж ахуйн бүсэд ордог. Тэгэхээр энд хөдөө аж ахуйн бүсчлэл, газар тариаланг дагасан зайлшгүй эрчимжсэн МАА-г хөгжүүлэх шаардлага, нөхцөл бидний өмнө тулгарч байна.  


Эрчимжсэн МАА-г хөгжүүлэхийн тулд бид төр засаг, аймгийнхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж, малчин өрхийн амжиргааг дээшлүүлэхүйц ашиг шим өндөртэй, эрчимжсэн МАА-г хөгжүүлэх чиглэлд гол бодлогоо чиглүүлж байгаа.  

Мандал сум 2022 онд орон нутгийн зүгээс нэгдсэн бодлого зохицуулалтаар малынхаа үүлдэр угсааг сайжруулахаар 2022 оны малын хөлийн татварын хөрөнгөөр цэвэр үүлдрийн монбилард, семминтал үүлдрийн бухан бярууг авч 9 баг тус бүрд өгсөн.


Мөн фермерийн аж ахуй эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 18 иргэнийг Төв аймгийн Баянчандмань суманд туршлага судлах ажлыг зохион байгууллаа. Түүнчлэн малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран 9 багийн 550 үнээнд гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийсэн зэрэг малчдаа дэмжсэн олон ажлыг зохион байгууллаа.  


-Цаашид хийх ажлынхаа талаар тодруулаач?

-Цаашид бид малчдыг ногоон тэжээл тарих арга ажиллагаанд суралцуулах, газрын асуудлыг шийдвэрлэх гарцыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эрчимжсэн фермер хөгжүүлэх хамгийн гол анхаарах асуудал бол малын тэжээл байдаг юм байна.

Цаашдаа бид газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэдэг бодлогоо л сурталчилж ажиллах хэрэгтэй байгаа юм. Иймээс төрийн дээд шатнаас гарч байгаа хуулийг бид сурталчлах үүрэгтэй. Малчид малаа тариалангийн талбайд оруулахгүй байх хуулийн сурталчилгааг хийнэ. Манай малчдын тухайд хаваржаа, намаржаа, өвөлжөө нь нэг дор байдаг онцлогтой.


-Малын өвчлөлгүй, эрүүл мал эрдэнэ гэж зарлаж байна. Энэ тал дээр нэн түрүүнд ямар ажил хийх гэж байна?

-Хамгийн чухал нь эрүүл малтай байх ёстой. Наад зах нь одоо хөдөө жалга довоор үхсэн малын сэг зэм багагүй хэмжээгээр байна. Энэ нь эргээд өвчлөл гарах үндэс суурь болох нөхцөлийг бүрдүүлж байдаг. Иймээс бид ажлын баг томилон эзэн холбогдогчийг нь олж тогтоох, хариуцлага тооцох, мэргэжлийн байгууллагад хандаж устгалд оруулах ажлыг нэн түрүүнд  хийхээс эхэлнэ.


Тус зөвлөгөөний үеэр аймаг, сумынхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж, сум орон нутагтаа эрчимжсэн, үүлдэр угсаа сайтай мал сүргийг өсгөн үржүүлж яваа сайн жишээ болсон малчдын малын үзэсгэлэнг гаргасан байв.


Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн иргэн, фермерийн аж ахуй эрхлэгч М.Батболдтой ярилцлаа.

-Та өөрийнхөө үхрийн талаар мэдээлэл өгөөч?

-Манай сум сүүний эрчимжсэн МАА хөгжүүлэх бодлого барьж байгаа. Иймээс би 2020 оноос сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үхрийг үржүүлж эхэлсэн. Цэвэр үүлдэрлэг байдлыг авч явахыг хичээж байна. Залуучуудад хэлэхэд өөрсдөө гардан хийх юм бол болохгүй гэх зүйл байхгүй. Харин өөрөө гардахгүй, хүнээр хийлгээд өөрөө зүгээр явах юм бол сайнгүй. Манай үхэр мах, сүү хосолсон, семментал, монбилард үүлдрийн үхэр. Нэг самандаа 10 л гардаг. Өглөө, оройдоо 20 л гарна гэсэн үг. Тэжээл сайтай л байх юм бол аль аль нь нэмэгдээд явдаг.


-Эрчимжсэн МАА эрхлэхэд тулгамдсан ямар асуудал байна?

-Хамгийн тулгамдсан асуудал бол тэжээлийн асуудлыг л маш сайн шийдээд явах хэрэгтэй. Манайх үхрээ хорголжин, шаараар тэжээдэг. Цаашид тэжээлээ өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдсан. Санхүүгийн байдлаас болоод энэ ажил удаашралтай байна. Энэ үхэр чинь жирийн монгол үхрээс 2-3 дахин их иддэг. Иймээс эрчимжсэн мал тэжээж байгаа бол тэжээлийн асуудлыг бодлогоор л шийдэж ажиллах хэрэгтэй байна.  


Зөвлөгөөний төгсгөлд мал аж ахуйн салбарт өөрийн хүч хөдөлмөрөө зориулан төр Засгийн бодлого шийдвэртэй уялдуулан салбартаа түүчээлэн ажиллаж яваа малчдыг аймаг, сумын Засаг даргын жуух бичиг болон зарим шагналаар шагналаа. 












相关新闻