“Tesla” АНУ-д автомашиныхаа үнийг бууруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. “Tesla” компани цахилгаан автомашиныхаа АНУ-д борлуулах үнийг 2-6 орчим хувиар бууруулсан тухай тус компанийн цахим хуудсанд мэдээлжээ.
Цахилгаан автомашины хямдралын аянаа дахин сунгаж буй нь тус компанийн ашиг орлогыг бууруулж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.
Он гарснаас хойш “Tesla” нь хамгийн том зах зээл дэх борлуулалтын үнээ тав дахь удаагаа бууруулж байгаа бөгөөд энэ нь АНУ цахилгаан машины татварын хөнгөлөлтийг хязгаарлах илүү хатуу шинэ стандартыг энэ сард нэвтрүүлэхээр бэлтгэж байгаатай холбоотой юм.
Тус компанийн цахим хуудсанд мэдээлснээр, “Model 3” загварын машины хоёр хувилбарын үнийг 1000 ам.доллароор, “Model Y” машины үнийг 2000 ам.доллароор бууруулжээ. Мөн илүү үнэтэй машинууд буюу “Model S” болон “Model X”-ийн үнийг 5000 ам.доллароор хямдруулсан байна.
Цаашид үнээ бууруулбал салбартаа тэргүүлэгч тус компанийн цэвэр ашгийн хэмжээ эрсдэлд орж болзошгүй гэж санаа зовж буйгаа зарим шинжээч илэрхийлжээ.
Энэ оны эхний улиралд 423 000 орчим автомашин нийлүүлсэн гэж "Tesla" энэ долоо хоногт мэдээлсэн бөгөөд энэ нь АНУ, Хятад болон бусад зах зээлд эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үнээ бууруулсны дараа өмнөх улирлаас ердөө 4 хувиар өссөн дүн юм.
Тус компани энэ жил 1.8 сая автомашин нийлүүлэх зорилт тавьжээ.
"Tesla" үндсэн "Model 3" загварынхаа үнийг он гарсаар 11 хувиар, "Model Y" машины үнийг 20 хувиар бууруулсан байна.