Японд алтны үнэ дахин дээд хэмжээнд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Kyodo/. Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Японд алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрч нэмэгджээ.
Тус улсын үнэт металл, үнэт чулууг ашиглан үнэт эдлэл үйлдвэрлэгч, борлуулагч томоохон компаниудын нэг болох “Tanaka Kikinzoku” лхагва гарагт буюу өнөөдөр 1 грамм алтны жижиглэнгийн үнийг 9 443 иен буюу 71.74 ам.доллар байхаар тогтоосон байна. Японд алтны үнэ хамгийн сүүлд гуравдугаар сарын 31-нд түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилж байв.
Өнөөдрийн байдлаар Токиогийн таваарын бирж дээр алтны фьючерс хэлцлийн үнэ 8 527 орчим иен (64.78 доллар) байна.
Үүний сацуу АНУ-ын эдийн засаг удаашрах вий гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбоотойгоор Токиогийн хөрөнгийн биржийн индексүүд өнөөдрийн арилжаа эхлэхэд унасан байна. Тухайлбал, Японы тэргүүлэгч 225 компанийн хувьцааны ханшийг харуулдаг "Nikkei" индекс 1.32 хувиар доошилж, 27 912 нэгж болжээ. Мөн ам.долларын иентэй харьцах ханш 0.79 хувиар суларч, нэг ам.доллар 131.54-131.55 иен болсон байна.